Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 67,4 хувьтай байна гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-27 21:37:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын долоо долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаан болж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын тухай, үл хөдлөх хөрөнгө, автомашины албан татварын хувь хэмжээг өөрчлөх саналын тухай, газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай зэрэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

           Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2019 оны эхний хагас жилийн байдлаар 67.4 хувь буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн үндсэн салбаруудын бодлогыг тодорхойлсон 5 бүлэг 70 зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 379 арга хэмжээг тусган хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

Төрийн байгууллагын албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэн, шийдвэрийн төсөл боловсруулах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байна гэж ИТХ-ын хуралдаан тэмдэглэлээ.

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог ханган хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажлын явц, авсан арга хэмжээ, гарсан үр дүнг иргэд, олон нийтэд шуурхай мэдээлж, төрийн ажил үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг сайжруулж ажиллахыг бүх шатны Засаг дарга, хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ