Ерөнхийлөгч ба ерөнхийлөгчийн засаглал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-06-28 13:29:23

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, тэдэнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Төрийн тэргүүний эрх мэдлийг (1992-2019 он)  хууль гаргах, хууль (48) -д нэмэлт оруулах замаар өргөтгөсөн талаар хуульч, судлаачид ярих болсон билээ. Энэ одоо хэлц үг болох хэмжээнд хүрэв бололтой. Ийм статистик гаргаж ирэгсэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, бүр хорогдуулах ёстой гэсэн санааг хөндөн тавих болоод удаж байна. Энэ байр суурь УИХ-аар дэмжлэг авсан Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтээр амьдралд хэрэгжих магадлал өндөр байна. Ингэж бусдад “нүд” үзүүрлэгдэх болсон төрийн тэргүүнд Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар  ямар эрх мэдэл олгосныг цухасхан авч үзье.

Үндсэн хуульд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
  • Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.
  • Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
  • Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
  • Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Ерөнхийлөгчийн тухай хуульд:

  • Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.
  • Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.
  • Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.
  • Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.
  • Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.
  • Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина гэж дээрх хуулиудад зааж өгсөн байна.

 

Үндсэн хуулиас бусад хуулийг УИХ баталсан гэж үзвэл, Ерөнхийлөгч сайн дураараа өөр дээрээ эрх мэдлийг төвлөрүүлээгүй гэж үзэх боломжтой. Ийм учираас ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэж байгаа үйлдлыг парламент хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд түүнд өнгөрсөн хугацаанд олгосон зарим эрх мэдлээ буцаах нь гэж ойлгож болох нь..

Төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг хүний гарт төвлөрөхийг ерөнхийлөгчийн засаглал (Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг) гэх гэнэ. АНУ-д ерөнхийлөгчийн албан тушаал анх бий болжээ. Энэ засаглал нь Ерөнхий сайдын албыг үгүйсгэдэг. Харин Ерөнхийлөгчийг өргөн хүрээтэй төлөөллөөс сонгодог онцлогтой юм байна.

Ерөнхийлөгчийн тэргүүлсэн засгийн газрын үйл ажиллагаа парламентын хяналт доор хэрэгждэг. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг үндсэн хуульт ёсыг сахиж буй нөхцөлд засгийн газар тогтвортой, шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн парламентын хууль тогтоох үндсэн эрх мэдлээс халих бололцоог бодитой хязгаарладаг гэж судлаачид үздэг аж. Ийм учираас парламентаас зарчмын асуудлаар гүйцэтгэх засаглалыг хянах бодит эрх мэдэл бүхий хэлбэр гэж судлаачид үздэг аж. Төрийн болон  засгийн газрын тэргүүнийг  нэгтгэдэг ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр 20 дугаар зууны сүүлчээс олон улсын практикт өргөжих хандлага ажиглагдах болсон гэж зарим судлаачид дүнгэжээ. Ерөнхийлөгчийн  засаглалтай улс  дэлхийд 70 орчим байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог. Гэхдээ манай улс ерөнхийлөгчийн засаглалгүй орон. Ийм Засгийн газрыг тэргүүлдэггүй (мөнгөний мэдэлгүй) Ерөнхийлөгчид улсын хэмжээний лидер болох боломж олддоггүй бололтой. Зөвхөн төрийн инститүц хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн засаглал хоёрын хоорондын олон  ялгааг энд дурдаж болно. Гэхдээ түүнийг тоочих нь илүүц .

Энэ байр сууринаас харвал, Монгол Улсын ерөнхийлөгчийн инститүц хувь хүний авир араншингаас хамаарч эрх мэдэл нь нэг түвшинд хадгалагддаггүй сул талтай гэж ойлгож болох нь. Харин улс төрчийн хувийн тоглолт гарах магадлал ихтэй. Ийм учираас Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтээр Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг хязгаарлах нь төрийн өндөр албан тушаалтны эрх, үүрэгт хийж байгаа үйлдэл гэж ойлгоход үнэнээс хол зөрөхгүй бололтой. Үндсэн хуулийн нэмэлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй холбоотой орсон заалтууд.

Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх:

  • Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
  • Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэжээ. 

Үндсэн хуулийн энэ нэмэлтээр засаглалын хэлбэр (парламентын)-ийг  хөндөхгүй.  

Холбоотой мэдээ