Э.Анхбаярыг "Ирээдүйтэй дуучин" хэмээн үнэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-28 15:48:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын 16 дугаар уралдаанд дөрөвдүгээр байр эзэллээ. 

Манай залуу дуучин Ж.Анхбаяр Грекийн дуучин Жеоржиос Александрос Ставракакис, БНСУ-ын иргэн, ХБНГУ-ын Хановер хотын Дуурийн театрын гоцлол дуучин Чи Хун Ким, Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучин Мигран Агагжанян нартай тэргүүн байрын төлөө өрсөлджээ. 

Тэргүүн байрыг Жеоржиос Александрос Ставракакис, хоёрдугаар байрыг Чи Хун Ким, гуравдугаар байрыг Мигран Агагжанян, харин дөрөвдүгээр байрыг Э.Анхбаяр эзэлжээ. Тусгай шагналыг ОХУ-ын дуучин хүртсэн байна. 
60 жилийн түүхтэй П.И.Чайковскийн нэрэмжит 16 удаагийн уралдаанд дэлхийн 800 гаруй дуучин оролцсон байна. Шалгаруулалтын 60-д багтаж, улмаар шилдгүүдийн эгнээнд тунасаар тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Э.Анхбаярыг "их ирээдүйтэй дуучин" хэмээн шүүгчид үнэлсэн байна.
Э.Анхбаяр Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучин байсан бөгөөд өдгөө Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна. 


Холбоотой мэдээ