Гадаад иргэдийн бэсрэг наадам анх удаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-28 15:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Монгол Улс байгуулсны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой. Наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадаж хотол олныг баясгана. Мөн “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, кинонд орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэйчүүдийн дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан болно. Бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гарагийн 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ. 

“MNB WORLD” суваг нь Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр түгээж эхэлсэн бол гадаадын иргэдийн наадмыг кабелийн 68 дугаар сувгаар шууд дамжуулах болсон байна.

Холбоотой мэдээ