Вьетнамын түүхэнд эмэгтэй хүн анх удаа парламентын дарга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-01 14:32:46

ХАНОЙ. /VNA/. Вьетнамын Үндэсний их хурлын /парламент/ даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогдсон тухай тус улсын парламентын цахим хуудсанд пүрэв гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.

Вьетнамын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Нгуен Тхи Ким Нган депутатуудын 95.5 хувийн санал авч парламентын даргаар сонгогдлоо гэж мэдээлэлд дурдсан байна.

Энэ жил 61 нас хүрсэн Нгуен Тхи Ким Нган нь сүүлийн таван жил Үндэсний их хурлын дэд даргын албан тушаалыг хашжээ. Урьд нь тэрбээр Вьетнамын Сангийн яаманд ажиллаж байсан байна. Энэ оны нэгдүгээр сард болсон Коммунист намын 12 дугаар их хурлаар Нгуен Тхи Ким Нган тус намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогджээ.

Ханой хотод энэ өдрүүдэд болж буй парламентын ээлжит чуулганаар Вьетнамын гүйцэтгэх засаглалын шинэ бүрэлдэхүүнийг сонгож байгаа юм. Түүнчлэн тус улсын парламент шинэ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаа ойрын өдрүүдэд сонгоно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ