Шилдгийн шилдгээр "Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв"-ийн цогц бүтээл шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-07-01 20:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог хоёр дахь удаагийн  “Монгол дархан 2019” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийсэн. Үзэсгэлэнд 124 дархны 162 шилдэг бүтээлийг  дэлгэсэн бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр шалгарсан шилдгийн шилдэг бүтээлүүдийг тавьжээ.

“Монгол дархан-2019” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол төрийн дархан нэгдсэн холбоо, Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна. 

Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв”-ийн  цогц бүтээл шилдгийн шилдгээр шалгарч,  “Эрдэм гоёл” XXK–ны урлаачдын “Сүүн зам” бүтээл тэргүүн байрын шагнал хүртэв. Өргөмжлөлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч гардууллаа.



Монголын уран дархны “Түмэн Эрдэнэс нэгдсэн холбоо” ТББ-ын  нарийн бичгийн дарга Э.Нямбаяр:

-“Үзэсгэлэнгийн  зорилго нь  дархчуудынхаа бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах, өрсөлдөх хэмжээг өсгөх,  өв соёлын нөлөөг өргөтгөхөд чиглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ивээн тэтгэж байгаа нь ач холбогдлыг нэмж, уран бүтээлчдийн идэвх оролцоог сайжруулж байгаа.   Үзэсгэлэн нээлтийн өдрөө үнэгүй, цааш үргэлжлэх долоо хоногийн хугацаанд 5000 төгрөгийн хураамжтайгаар олон нийтэд үйлчилнэ. Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, академич Л.Батчулууны эрдэм судалгааны ном, бүтээлийн танилцуулга энэ үеэр гарч, дархчууд урчууд, эрдэмтэн судлаачдын  эрдэм шинжилгээний хурал бас болно.

Монголын уран дархны "Түмэн Эрдэнэс нэгдсэн холбоо"-ны тэргүүн Д.Пүрэвсүрэн:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, гурван жилд нэг удаа болдог хоёр дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулалцаж байгаадаа баяртай байна. Монголын хэмжээнд нийт 3200 гаруй дархан, өв тээгч байдаг. Өнөөдрийн үзэсгэлэнд хоёр гурван жилийн уйгагүй хөдөлмөр, сэтгэлээ шингээсэн, ур хийц сайтай үзмэрүүд тавигдлаа. Жилээс жилд бүтээлүүд маань  улам сайжирч, гүн гүнзгий утга агуулга илтгэхийг эрэлхийлдэг болсон байна. Уламжлалт дэг соёлоо шинэчлэн орчин үежүүлсэн олон залуу уран бүтээлч нэг дор цуглан өөрсдийн туршлага, мэдлэгийг хуваалцаж байна. Үзэсгэлэнгийн онцгой содон  бүтээлээс цул мөнгөн гутал их сонин байлаа. Энэ гутлыг урлахад 218 кг мөнгө орсон бөгөөд орчин үеийн загвартай тул сонирхсон хүн шууд худалдан аваад өмсөж болохоор байв. 



Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв” ТББ-ын тэргүүн Н.Дөлгөөн:

-Манай төрийн бус байгууллагын урчууд лам нартай хамтран бүтээл дээрээ судалгаа хийж, Өндөр гэгээн Занабазарын дахин давтагдашгүй бүтээлүүдийг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх зорилготой ажилладаг. Анхны үзэсгэлэнгээс хойших гурван жилийн хугацаанд Монголдоо өмнө нь хийх боломжгүй байсан технологи, уран дархны уран хийц тасалдаад байсныг сэргээж,  хамтын хүчээр том бүтээл хийж оролцлоо. Харахад нэг цогц боловч бие даасан  есөн бүтээлээр оролцож, шилдгийн шилдэг гэсэн эрхэм хүндтэй шагналыг авсандаа баяртай байна.

Манай  төв Өндөр гэгээн Занабазарын шүтээн урлалын дэг сургуулийн уламжлалыг сэргээн хөгжүүлж 2010 оноос хойш ур хийцээрээ уран сайхны өндөр чанартай бүтээлийг хийх гэж шамдсаар байгаа. Бид  2022 онд Өндөр гэгээн Занабазарын бурхан урлалын дэг сургуулийн баримал цутгуурын уламжлалыг төгс илэрхийлсэн, бүрэн хэмжээний уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Өндөр гэгээний мутар, сэтгэлийн ур нь түүний дэг сургуулийн төв эрхэмсэг дүр байдлыг хувцас чимэгтэй нь уран тансаг хослуулснаараа бусад дэг хийцээс үлэмж ялгардаг. Энэхүү дэг сургуулийг анх “Гэгээн сан” нэрээр үүсгэн байгуулснаас хойш 1923 оныг хүртэл 280 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан баялаг өв сантай. Өндөр гэгээний уран бүтээлүүд дэлхийн сонгодог бүтээлийн хэмжээнд хүрсэн. Бид үүнийг сэргээж дэлхийд гаргахын төлөө ажиллаж байгаа. Бидний үеийн олон залуу уран бүтээлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг, урамшуулал улам ихийг хийх урам өгч байна.



                                                                                                                                              Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ