Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн X форум боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-05 11:12:09
@s_munkhbaatar

Ордос. /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 10 дугаар форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо энэ сарын 4-нд болов. 


Форумын нээлтийн үеэр, Ордос хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ню Жюнь Янь хэлэхдээ, "2010 оноос хойш зохион байгуулж буй тус форум энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй онцлогтой. Түүнчлэн энэхүү форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаанд ахиц гаргах, соёлын харилцааг эрчимжүүлж, найрамдлын харилцааг сайжруулах чухал ач холбогдолтой" хэмээн онцлов. 


Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага эртний түүхтэй харилцаж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын МОНЦАМЭ, БНХАУ-ын Синьхуа агентлагууд 1958 оны 6 дугаар сард харилцан мэдээлэл солилцох санамж бичиг байгуулж байсныг форумын үеэр Синьхуа агентлагийн редакцын газрын дэд захирал Бань Вей онцолж байв. Тэрбээр, "Хоёр орны хөгжил дэвшил, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монгол, Хятадын хэвлэлийнхэн гүүр нь болж, бодит мэдээллийг солилцох замаар Засгийн газар, олон нийт, аж ахуйн нэгж хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байв.



МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатарын форумд хэлэлцүүлсэн илтгэлд, Монгол Улсад 88 сонин, 71 сэтгүүл, 51 радио, 120 телевиз, 100 гаруй мэдээллийн сайт ажиллаж байгааг сонирхуулав. Сүүлийн үед мэдээ хүлээн авагчдын 75 хувь нь цахим сайтаас мэдээлэл авч байгаа судалгаа гарсныг онцлон тэмдэглэв. Цаасан сонин эрхлэн гаргадаг байгууллага ч технологийн шинэчлэл, цаг үетэйгээ уялдуулж давхар цахим сайт хөтлөх болсон байна. Ингэснээр, мэдээ мэдээллийг уншигчдад цаг хугацаа, орон зай хамаарахгүй илүү олон хүнд дамжуулах өргөн боломж нээгдсэн. Гэвч цахим орчинд бусдыг гүтгэх, ташаа мэдээлэл асар хурдацтай тархаж байгаа юм. Үүнд Монгол төдийгүй, дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд санаа зовниж байгааг тэрээр хэлсэн. 


МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга, "Бүс ба зам"-ын хүрээнд мэдээ, сурвалжилгыг уншигчдад олон хэлбэрээр түгээхэд хамтарсан багаар ажиллах нь чухал. Энэ цаг үед цахим орчинд ажиллах, мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх шаардлага тулгараад байна. БНСУ-д хуурамч мэдээллийг нягтлах программ хангамж бүтээгээд, хэрэглээнд нэвтрүүлснээр 80 гаруй хувийн ахиц гарсан талаар мэдээлэл байна. Тиймээс программ хангамжийн мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ бий болсон" хэмээн илтгэлдээ онцолж байв. 



Форумын үеэр, Өвөр Монголын "Одон" телевиз Монгол Улсын "UBS" телевизтэй, Өвөр Монголын "Солонго" мэдээллийн төв Монгол Улсын "Өнөөдөр" сонинтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн МСНЭ-ийн Сэлэнгэ аймгийн салбар, Хөлөнбуйр хотын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай санамж бичиг байгуулсан юм. 


Тус хэлэлцүүлэгт Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар, бага хурлын гишүүн Б.Галаарид, ЕТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Цэсэн болон Монголын телевизүүдийн холбоо, Сайтын холбоо, МҮОНРТ, МОНЦАМЭ агентлагийн төлөөлөл, эрдэмтэн судлаач зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцов. Хятадын талыг тус улсын төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх газрын дарга Жан Яньбин, Хятадын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /ХСНЭ/-ийн дэд ерөнхийлөгч Хү Шяохань, Синьхуа агентлагийн ерөнхий редакцийн газрын дэд захирал Бань Вей зэрэг 100 хүн төлөөлөв. 

Холбоотой мэдээ