Хотын гудамжийг зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-07-02 10:04:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэхээр зарласан тендерт  “ДАЛУ” ХХК шалгарлаа. Тус компани 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний  төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.


Цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хот тохижилтын газрын дарга Д.Бямбадорж болон албаны хүмүүс хүлээн авлаа.

ДАЛУ” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ хэлэхдээ, “Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэсэн, 3,5 л дизель түлш мото цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэхээс гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бид бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгч байгаа. Цаашид шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэв

Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат “Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллагад ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан. Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэддээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлье” гэлээ.

Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ