“Эрдэнэс-Тавантолгой” ХК 30 орчим төрлийн 38000 мод суулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-07-02 12:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгах ажлыг 2011 оноос хэрэгжүүлж байна.


Компаниас говийн бүсийг ойжуулах ажлыг улам эрчимжүүлэхээр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран, туршлага судалгаанд тулгуурласан "Ногоон говь” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлсэн юм.

Одоогоор компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнуудын туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос 30 орчим төрлийн 38000 мод суулган, арчилж ургуулахын зэрэгцээ туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.

Уг хүлэмждээ ирэх жилээс нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлж, цаашид хүлэмжийн тоог нэмэх юм. 

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, уурхайн ойролцоо "TTJVCo”, "Хишиг Арвин индустриал” ХХК, "Моннис” зэрэг туслан гүйцэтгэгч компанийн 85 га газарт тус бүр 20 мянган мод тарих ажлаа эхлүүлж, одоогоор нийт 20 мянга гаруй мод суулгаад байна. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа "Говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс бид ХААИС-ийн багш нартай хамтраж ажиллаж байна. Бид говьд тэсвэртэй, мод бутыг нутагшуулж, өсгөж үржүүлэхээс гадна хамгаалах, үрийн сан бүрдүүлэх зорилготой” гэв.



Холбоотой мэдээ