Эрүүл мэндийн газар, Олон улсын Монгол эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-02 23:00:19
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд 06 дугаар сарын 22-26-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шилийн хот дахь Олон улсын Монгол эмнэлэгт зочилж тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ.
Шилийн гол аймгийн Засгийн ордны дарга, Олон улсын Монгол эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Олон улсын Монгол эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд:
-Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах урт болон богино хугацааны дадлагажих, сургалтыг хамтран зохион байгуулах
-Архангай аймгийн иргэдэд эрүүл мэндийн сайн дурын үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх ажлыг зохион байгуулах
-Өвчтөн шилжүүлэх буюу Архангай аймгийн иргэдээс Шилийн гол аймгийн эмнэлэгт оношлуулах, эмчлүүлэх хүсэлт гаргасан иргэдийг тус эмнэлэгтэй холбох зэрэг үйл ажиллагаануудыг хамтын ажиллагааны санамж бичигт тусгахаар тогтжээ.
Шилийн гол аймгийн, Шилийн хотын Олон улсын Монгол эмнэлгийн эмч, төлөөлөгч нар 2019 оны 09 дүгээр сард Архангай аймагт хүрэлцэн ирж, сайн дурын үзлэг, шинжилгээ зохион байгуулах юм байна.
Холбоотой мэдээ