Францын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх Никола Лакотыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-02 15:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөх Никола Лакотыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг тус агентлагийг товч танилцуулаад, “Монгол, Франц улс олон жилийн найрсаг харилцаатай. Тиймээс ч МОНЦАМЭ агентлаг Францын Элчин сайдын яамны мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьдог” хэмээв. Мөн дэлхий нийт МОНЦАМЭ агентлагийг Монгол Улсын тухай мэдээллийг авах цор ганц баттай эх сурвалж хэмээн үздэгийг дурдаад хоёр орны мэдээллийн агентлагуудын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад анхаарахыг хүслээ. Тэрбээр, “МОНЦАМЭ агентлаг бол дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудтай нягт хамтран ажилладаг. Мөн гадаад харилцаагаа улам бүр тэлэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд бидний харилцаа, холбоогоо гүнзгийрүүлэх зорилт тавьж буй орны нэг нь Франц юм” гэв.


Францын Элчин сайдын яам цөөн хүний бүрэлдэхүүнтэй хэдий ч улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг бүхий л салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг Тэргүүн зөвлөх Никола Лакот онцлов. Түүнчлэн Францын Элчин сайдын яамнаас өрнүүлж буй ажлыг Монголын ард түмэнд таниулах, түгээн дэлгэрүүлэхийг хүсдэг гэдгийг дурдаад үүнд МОНЦАМЭ агентлагийг дэмжихийг хүслээ.


МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүргийнхээ хүрээнд гадаадын дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Тиймээс Францын Элчин сайдын яамтай ч бүхий л талаар хамтран ажиллах боломжтой гэдгийг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг уулзалтын төгсгөлд дурдсан юм.

Холбоотой мэдээ