Наадмаар НМХГ-ын 400 байцаагч хяналт тавина

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-07-03 10:29:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийг байгуулсны 2228, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэг ажиллана. Албан ёсны зөвшөөрөлтэй эдгээр 610 цэгт нэгдсэн хяналт шалгалт хийж байх юм.


НМХГ-ын 400 албан хаагч, явуулын 2 лаборатори Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт энэ сарын 10-13-нд лабораторийн шинжилгээтэй байнгын хяналт хийх юм.
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:
- Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
- Согтууруулах ундаа, тамхи худалдах;
- Түргэн муудах буюу майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах;
- Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
- Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
- Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
- Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах; 
- Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолд заасан “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уут худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
- Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно. 


Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд арга хэмжээ авахыг НМХГ анхааруулж байна.


Холбоотой мэдээ