Өмнөговь аймгийн төрийн албан хаагчид Төв аймагт зочилж туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-07-03 17:21:35

Төв /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ажилтан, албан хаагчид Төв аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил нэгт нөхдөөсөө туршлага судалсан байна.

Ард иргэддээ төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх зорилгоор Төв аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-г 2008 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш үйл ажиллагаа нь өргөжиж, үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ, хүртээмж тасралтгүй нэмэгдэж 27 сумандаа “Нэг цонхны үйлчилгээ”-г бүрэн нэвтрүүлжээ.

Аймгуудын хэмжээнд Төв аймгийн Төрийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа нь анхдагч, жишиг болохуйц туршлагыг хуримтлуулаад байгаа ажээ. Тиймээс Өмнөговь аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 15 ажилтан, албан хаагчид тус аймгийн төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүрч үйлчилж буй талаарх туршлага судалж, үйл ажиллагаатай танилцсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, Төрийн нэгдсэн үйлчилгээний шинэ тогтолцоог бий болгох зорилгоор Зуунмод сумын “Нэг цонхны үйлчилгээ”-г өргөжүүлэн, 2017 оны 10 дугаар сард аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулжээ. Одоогийн байдлаар тус төвд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 26 байгууллага 300 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа аж.

Өмнөговь аймгийн хувьд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинэчилсэн зохион байгуулалтад оруулснаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар тус төв нь 21 байгууллагын 223 нэр төрлийн үйлчилгээг нэг дороос иргэддээ үзүүлж байгаа юм байна.  

Холбоотой мэдээ