Өвлийг угтан нийслэлд 1300 гаруй ажил төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 26-р
хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Ирэх өвлийг угтан нийслэлд нийт 1311 ажил
төлөвлөжээ. Үүнээс "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн дулааны
төв шугамын зуны их засварын ажлыг хийж байгаагаас 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн дөрвөн байршилд 5112 км дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна. Энэ ажлыг улс,
нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгааг хуралдаанаар
танилцууллаа.
Мөн Орон сууц нийтийн аж ахуйн газрын хөрөнгөөр орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг шинэчлэн солих ажлыг нийслэлд нийт 10 байршилд хийж байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарч нийт 41 сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны ажиллагаатай танилцсан байна.
Улмаар ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийн
хүрээнд 18 сургууль, цэцэрлэг болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа байгууллагуудын 101 кВт-аас дээш хүчин чадалтай
халаалтын зуухнуудад утаа шүүгч суурилуулах саналыг БОАЖЯ-нд
хүргүүлээд байна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны
төлөвлөгөөнд бага, дунд оврын хаалтын 1110 ширхэг зууханд утаа шүүгч суурилуулахад
зориулж 10 тэрбум төгрөг тусгажээ.
Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч
Ц.Сандаг-Очир, “Багануурын нүүрсний уурхай болон ДЦС-ыг шинэчлэх, дэвшилтэт техник,
технологиор хангахад онцгой анхаарч ажиллахгүй бол нийслэл хотын дулааны галыг
манаж байгаа газрыг орхигдуулж болохгүй” хэмээн анхааруулж байлаа. Үүнд нийслэлийн
Засаг дарга С.Амарсайхан хариулахдаа, “Засгийн газрын хуралдаанаар Багануурын ДЦС-ыг
өргөтгөн шинэчлэх талаар ярьж, ажил хэрэг болгох талаар холбогдох газруудад үүрэг
өгөөд байгаа” гэсэн юм.
Хуралдаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы танилцуулснаар, 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4
хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Нийслэлийн төсөвт төвлөрч буй
төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс
татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум
төгрөгөөр тус тус давж биелжээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг,
орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах орлого 100
хувь төвлөрөөд байна гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.