Г.Амартүвшин: Зээлийн багцын чанарыг сайжруулахаас ажлаа эхлээд байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-04 14:28:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин, тэргүүн дэд захирал Ч.Энхбат нар өнөөдөр тус банкны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газраас томилогдоод сар болж буй тус банкны шинэ удирдлага юм. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин, “Өнөөдөр манай банканд тулгамдаж буй гурван том  зүйл байна. Нэгд, Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй томоохон зээлүүдийг төлж барагдуулан шийдэх, хоёрт, банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавих шаардлагыг өөрчлөх, эцэст нь, зээлийн багцын чанарыг сайжруулах ажил байгаа” хэмээв. Тэрээр, албан тушаалд томилогдоод зээлийн багцын чанарыг сайжруулахаас ажлаа эхэлжээ.


Мэдээллийнхээ эхэнд, тэрбээр банкны санхүүгийн үзүүлэлтүүдийн талаар танилцууллаа. Энэ оны эхний улирлын байдлаар тус банкны нийт актив 4 их наяд 244 тэрум төгрөг, зээлийн багц буюу зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдэлийн сан 336 тэрбум төгрөг, чанаргүй зээл 292 тэрбум төгрөг байна. Банкны өөрийн хөрөнгө нэг их наяд 138 тэрбум төгрөг байна гэв.

Засгийн газрын шалгалтаар зарим ААН-ийн чанаргүй зээлүүд ихсэж энэ нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг чангааж буйг хэлээд, “Тэдгээр зээлийг барагдуулж шийдэх нь үүрэг хүлээн ажиллаж байна. Чанаргүй зээлийн үлдэгдэлтэй ААН-үүдийг дурдвал, 132 тэрбум төгрөгийн зээлтэй “Эрэл” групп 2015 оноос хойш зээлээ төлөөгүй ирсэн. Энэ талаар Засгийн газар, Хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг гаран зээлийг төлүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлийн хамтарсан төрийн өмчит компани байгуулах талаар ярилцаж байна. Гэхдээ заавал компани байгуулах шаардлагатэй эсэхийг судалж байна, эцэслэн шийдээгүй байна. Хэрэв компани байгуулахгүй гэвэл шүүхээр шийднэ” гэв.


Чанаргүй, зөрчилтэй зээлтэй ажиллах бүтэц, орон тоог нэмж байгаа


Өөр нэг зээлдэгч буюу найман тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа “Мон лаа” компанийн тухайд шүүхийн шатанд эхлээд эвлэрлийн гэрээ байгуулан энэ онд зээлээ бүрэн багтаан төлөхөөр болж, эхний төлбөрөө хийгээд явж байна. Харин “Хөтөл” компанийн хувьд, улсын комисс үйлдвэрийг нь албан ёсоор хүлээн авч, Хөгжлийн банкны зээлийн барьцаа хөрөнгөд авахаар ажиллаж байна. Хэрэв энэ ажил удааширвал мөн адил шүүхийн шугамаар шийдүүлнэ гэв.

Мэдээллийн дараа Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин зээлийг зохицуулдаг журмыг өөрчилж байгаа зэргээр банкны дотоод бодлогын талаар танилцууллаа. Чанаргүй зээлтэй харьцаж ажиллах тусгай активын нэгж, бүтэц болон орон тоог ойрын хугацаанд шийдэж байна. Зөрчилтэй зээлтэй ажиллах мэргэжилтнүүдийн орон тоог мөн нэмж байгаа. Эцэст нь тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр болон зээлийн санхүүжилтэд тавих хуулийн болон бодлогын талын шаардлагыг өөрчилж буйг хэллээ.


Тухайн төслийн өртгийн 85 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгоно


“Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөхгүй байж болдог юм гэсэн ташаа ойлголт байх шиг байна. Үүнийг бид халж, эрс өөрчилнө. Эцсийн эцэст Хөгжлийн банкны зээл нь татвар төлөгчдийн эх үүсвэрээр олгогддог тул өгсөн зээлийг заавал төлүүлж байна” гэдгээ мэдэгдлээ. Тавих шаардлагын тухайд нэгд, экспортыг дэмжсэн, экспортын орлогыг нэмэгдүүлсэн төсөл, хөтөлбөрийг дэмжинэ.

Мөн Засгийн газрын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн хөтөлбөрүүдийг дэмжинэ. Мэдээж эдийн засагт үр өгөөжөө өгөх ашигтай төсөл хөтөлбөр байх нь наад захын асуудал. Зээлийг хэрэгжүүлж буй этгээд туршлагатай, тухайн салбартаа олон жил ажилласан байх шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ.

Бодлогын хувьд, 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийн Хөгжлийн банк шууд олгож, түүнээс доош хэмжээний зээлийг хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан зээлдэх хэлбэрээр санхүүжүүлнэ гэв.

Төрийн өмчит ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ тухайн төслийн өртгийн 85 хувиас хэтрэхгүй байх юм гэв. Өмнөх зээлүүдээс харж байхад хуурамч баримт бичиг бүрдүүлэн, мэдээлэл өгсөн, бусад банкуудад муу зээлтэй харилцагч ААН-үүдийг хар жагсаалт бүрдүүлэн түүндээ оруулж байгаа гэв.


Эцэст нь тэрээр, “Бид дунд болон урт хугацаанд шаардлага хангасан эрчим хүч, ХАА, уул уурхайн бус экспортын төсөл хөтөлбөрүүдийг банкныхаа хүрээнд санхүүжүүлэн дэмжиж ажиллана гэв. Мэдээж нийгэмд тулгамдаж буй агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлыг дэмжинэ гэв. Тус банкны зээлийн хүү төгрөгийнх дунджаар 12 хувь бол ам.долларын зээлийн хүү 9 хувь байгаа юм.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ