Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмчлүүлэгчээ таних систем нэвтрүүллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-07-05 14:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ хэвтэн эмчлүүлэгчдээ нэгдсэн цагаан хэрэглэл, эмнэлгийн хувцас, эмчлүүлэгчээ таних систем буюу гарын бугуйвчаар хангасан улсын анхны эмнэлэг боллоо.


Тус эмнэлэг шинэ технологийг нэвтрүүлэн гадаадын эмнэлгийн жишигт хүрч үйлчлэх, бусад салбар эмнэлгийг уриалах, үйлчлүүлэгч төвт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж буй юм.


ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр хэлэхдээ, “Бид Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх нэгдсэн эмнэлгийн шилдэг стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн бидний үнэт зүйлсийн нэг бол аюулгүй, айдасгүй үйлчилгээ юм. Энэхүү алсын хараа, үнэт зүйлсээ батлах үүднээс шинэ технологи нэвтрүүллээ. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмчлүүлэгчдээ 100 хувь эмнэлгийн цагаан хэрэглэл, хувцсаар хангасан. Мөн эмчлүүлэгчийг таних систем буюу гарын бугуйвчийг нэвтрүүллээ. Шинэ технологийг нэвтрүүлснээр зөвхөн эмчлүүлэгч төдийгүй эмнэлгийн ажилчид халдвараас сэргийлэх боломж бүрдэж байна. Өмнө нь өвчтөн эмнэлэгт хэвтэхдээ цүнх дүүрэн гадны хувцас, хэрэглэлтэй ирдэг байсан бол одоо өвчтөн маань өөрөө ирэхэд л хангалттай. Энэхүү технологи олон улсын магадлан итгэмжлэлтэй хувийн эмнэлгүүдэд л нэвтэрсэн. Харин улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа нэвтрүүлж байна” гэв.

Эмчлүүлэгчээ таних систем буюу гарын бугуйвч нь эмч, сувилагч үйлчилгээ үзүүлэхэд тухайн өвчтөн мөн эсэх, хэдэн настай, аль тасаг, ямар оноштойг нь тодорхойлох юм. Ингэснээр үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн алдаа зөрчил гаргахаас сэргийлэх аж. Мөн тус эмнэлэгт “Цахим эмнэлэг болох” төсөл хэрэгжүүлж буй бөгөөд цаашид төслийг бүрэн хэрэгжүүлж дуусвал эмчлүүлэгчээ таних систем буюу гарын бугуйвч нь тухайн өвчтөн ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ гэдгийг ч харуулах юм байна. 



Холбоотой мэдээ