Гурван аймгийн багш нарын чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-02 21:39:33

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын багш нарын чуулга уулзалт Өмнөговь аймгийн Манлай суманд  болох гэж байна. Тус чуулга уулзалт 4 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болох бөгөөд 3 аймгийн 9 сумын 200 орчим багш нар оролцох ажээ.

Энэхүү чуулга уулзалтаар боловсролын шинэчлэлийн талаар зөвлөлдөж, 9 хичээлээр нээлттэй хичээл явуулж, аймгуудад сургалтын арга барил ямар байгаа талаар багш нар туршлага солилцох юм байна. “Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь Дундговь аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Мандах сумын багш нар ирж туршлага солилцох юм. Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх талаар багш нар санал бодлоо хуваалцаж, аймгуудын багш нарын заах арга барилын туршлага судлахаар төлөвлөж байна” гэж Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ганхүлэг ярилаа.

Мөн энэ үеэр багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спортын олон талт арга хэмжээг зохион байгуулах юм. Чуулга уулзалтын үеэр Манлай сумын иргэдэд багш нар урлаг уран сайхны арга хэмжээгээр үйлчлэх аж. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ