Вашингтонд хүчтэй аадар бороо оржээ

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-10 11:42:18
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын нийслэл Вашингтон хот орчмоор хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, талбай, галт тэрэг, метроны буудлын хонгилууд үерийн усанд автаж, хэдэн мянган автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөн тасалдахад хүрчээ.


Үндэсний цаг уурын газрын мэргэжилтэн Коди Ледбеттерийн мэдээлснээр, Мэриленд муж улсын Фредерик хот орчмоор 17 см, Виржиния муж улсын Арлингтон хот орчимд 11.4 см, Вашингтон хотын Рональд Рейганы нэрэмжит олон улсын нисэх буудал орчмоор 8.6 см үерийн ус тогтжээ. Албаныхан тухайн бүс нутгуудад үерийн аюулын түгшүүр зарласан байна.


Өмнөд Капитолын гудамжны ойролцоох замууд үерийн усанд автсаны улмаас машиндаа гацсан хэд хэдэн хүнийг аварчээ. Үерийн улмаас нийслэл хотод хэн нэгэн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэл байхгүй байна гэж Вашингтон хотын Онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Вито Мажоло мэдээлжээ. 

Холбоотой мэдээ