Төрийн далбааг мандуулж, жанжин тугийн дор цэргүүд ёслон жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-10 12:22:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.


Төрийн далбааны өдөрт Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм.



Төрийн далбаа мандуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Төрт ёсны их баяр цэнгэл Үндэсний баяр наадмын өмнө Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна. Дээр цэлийх Мөнх хөх тэнгэрт Монголын далбаа ашид үүрд намиран байхыг бэлгэдэн монголчууд бид энэ өдрийг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ. Монгол бидний хувьд туг сүлд нь эртнээс нааш эр цэргийнх нь сүр хүч, элгэн түмнийх нь эв нэгдэл, эрхэмсэг төрийнх нь шударгуу ёс, тусгаар байдлынх нь бэлгэ тэмдэг байлаа.


Орчин цагийн хэлбэр, агуулгатай төрийн далбааг 1911 онд Богд хаан “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимой” хэмээн зарлиг гаргаснаар бий болгожээ. Хожим нь 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр маршал Хорлоогийн Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” хуулийн заалтыг шинэчлэн найруулахаар тогтсон нь Төрийн далбааны өдрийг сонгох сэдэл болсон юм. БНМАУ-ын төрийн далбааны эхийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог зохиож, энэ үйл явдлыг “Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо өндөр цохон тэмдэглэсэн явдал” хэмээн маршал Х.Чойбалсан тодорхойлж байжээ.


1992 оны шинэ Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчилж, төрийн яамд, албан газар, Төрийн цэргийн байгууллагууд далбаагаа тогтмол мандуулж, айл өрх, иргэн бүр сүслэн дээдэлж ирсэн юм. Монгол Улсын Төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, түрүүч, байлдагч ажилтан алба хаагчид, нийт монголчууддаа халуун мэнд хүргэе. Монгол бидний хийморь бахдал оршсон Төрийн алтан соёмбот далбаа Мөнх хөх тэнгэртээ мандан бадарсаар байх болтугай" хэмээсэн юм. 


Жагсаалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын алба, хууль сахиулах байгууллага болох ЦЕГ, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль зэрэг найман байгууллагын 2000 гаруй цэргийн алба хаагч, сонсогч, байлдагч жагсав. Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат жагсаалыг удирдсан юм.


Төрийн далбааны өдрийг энэ жил 11 дахь удаагаа тэмдэглэж буй бөгөөд уламжлал ёсоор Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, жанжин тугийн дор цэргүүд ёслон жагссан. Энэ нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх, эх оронч, үндэсний бахархлыг дэврээх ач холбогдолтой юм. 


Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. 



Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг бөгөөд манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөөт тэмцэгч, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргийн хүсэл зоригийн илтгэн мандсаар байна. Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя гэсэн гүн утгатай юм.



Сонирхуулахад, АНУ 6 дугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали 1 дүгээр сарын 7, Аргентин 6 дугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европын холбоо 5 дугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.

Холбоотой мэдээ