Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр Г.Баясгаланг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-07-10 16:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр гардуулж, Эрүүл мэндийн яамны удирдлагын баг хамт олон баяр хүргэлээ. 


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны шийдвэрээр энэхүү шагналыг олгожээ.

Г.Баясгалан нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргаж, “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Үндэсний оношилгоо эмчилгээний төв энэ сарын 5-нд албан ёсоороо нээлтээ хийсэн бөгөөд орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд 15.600 хавтгай дөрвөлжин ашигтай талбай бүхий таван давхар эмнэлэг юм. Тус эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, дурангийн оношилгоо эмчилгээ, ариутгал халдваргүйтэл, мэс засал, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, хоолны өрөө тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм. Нийт 25 сая ам.долларын үнэ өртөг бүхий 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төв нь тун удахгүй ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлнэ.

Холбоотой мэдээ