Г.Ганбаярын хар үрээ түрүү магнайд хурдлав

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-10 16:43:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат уяач Г.Ганбаярын хар үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ.


Аман хүзүүнд, Төв аймгийн Баян сумын харъяат уяач Б.Нямжавын хар үрээ, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат уяач Г. Баттулгын зээрд халзан үрээ, айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач О.Амгаланбаатарын хээр үрээ барианы зурхайд орлоо. 


Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэнгийн уралдаанд 350 хурдан үрээ бүртгүүлснээс 236 нь гарааны зурхайгаас эргэсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, уяач П.Батсайхны бор, Говь Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Жавхлантөгсийн цоохор, зээрд халзан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, уяач Б.Сүххуягийн хээр, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, алдарт уяач Х.Бадамсүрэнгийн Дөлгөөн хээр,  Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, уяач Т.Мөнхбаярын хээр, Ховд аймгийн уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайхны хонгор зэрэг улс бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд бүртгүүлсэн юм.

Холбоотой мэдээ