Нутгаасаа шинэ арслан, заан, начин, мэргэн харваач төрүүлж, Дундговьчууд сайхан наадлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98, аймаг байгуулсаны 78, Сайнцагаан сумын 93 жилийн ойн баяр наадмаар Дундговьчүүд нутгаасаа шинэ арслан, заан, начин, аймгийн “Мэргэн харваач” төрүүлж сайхан наадлаа.
Баяр наадмын үндэсний бөхийн
барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх зодоглож, Гурвансайхан
сумын харьяат, аймгийн харцага Б.Доржсүрэн түрүүлж, аймгийн арслан цолны болзол
хангажээ. Харин Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Э.Золбоот үзүүрлэн аймгийн
заан болж, Луус сумын заан С.Лундаа, Өлзийт сумын заан С.Баттүвшин, нар тав
давж, аймгийн начин цолны болзол хангалаа.
Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат аймгийн арслан Б.Амгаланбаатар,
Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Энх-Амгалан нар шалгарч, хүч
чадал, ур ухаанаа уралдуулан барилджээ.
Энэхүү баяр наадмын Үндэсний сурын
харваанд онч мэргэнээ сорин, 93 харваач нум тавьснаас эрэгтэйчүүдийн харваанд Орхон
аймгийн уугуул, Хүч спорт хорооны харваач, Монгол Улсын Даян мэргэн, Спортын
мастер Ц.Баасанхүү, эмэгтэйчүүдийн харваанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын
уугуул, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир техник спортын хороо, “Эрч” клубын
харваач, Спортын мастер Б.Урангоо нар түрүүлсэн бөгөөд Спортын мастер Б.Урангоо
“Дундговь аймгийн мэргэн”, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Хилчин” спорт
хорооны залуу харваач Д.Нандинтуяа “Аймгийн Гоц харваач” цолны болзлыг тус тус
хангаж, Засаг даргын захирамжаар цолыг гардуулсан байна.
Баяр наадмын Азарганы уралдаанд Гурвансайхан
сумын уяач П.Отгондэлгэрийн хээр түрүүлж, Сайнцагаан сумын уяач Ж.Мөнхчулууны
хээр, Луус сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Эрдэнэчулууны бор, Өлзийт
сумын харьяат, Аймгийн алдарт уяач Н.Оргилбаярын Хээр халзан, Сайхан-Овоо сумын
уяач Б.Бат-Оршихын цэгээн тус тус айрагдаж, харин Соёлон насны уралдаанд
Сайхан-Овоо сумын уяач Ж.Эрдэнэбаатарын уясан Ч.Алтангэрэлийн хул түрүүлж, Сайхан-Овоо
сумын уяач Г.Алтансүхийн зээрд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уяач
Э.Дэмчигнямын хар, Өлзийт сумын уяач Т.Цолмонгийн зээрд халзан, Өлзийт сумын
уяач Б.Ганбаатарын хүрэн тус тус айрагдаж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан
олноо баясгажээ.
Шүдлэн насны уралдаанд Сайнцагаан
сумын уяач Д.Даваацэрэнгийн уясан Э.Мягмарсүрэнгийн зээрд, Хулд сумын уяач
Г.Энхтөрийн хүрэн, Өлзийт сумын уяач Б.Ганбаатарын зээрд, Сайнцагаан сумын уяач
Д.Батхуягийн уясан Ж.Мөнхчулууны алаг, Өлзийт сумын уяач О.Бадгарын саарал тус
тус айрагдлаа.
Хулд сумын уяач Б.Наранхүүгийн хүрэн Их насны уралдаанд түрүү магнай өргүүлж, Өлзийт сумын
уяач Л.Отгоннямын хар аман хүзүүдэж, Өлзийт сумын уяач Н.Оргилсайханы хар, Луус
сумын уяач Н.Баатархүүгийн зээрд, Сайхан-Овоо сумын уяач Ж.Эрдэнэбаярын хээр айрагдсан
ажээ.
Баяр наадмын Хязаалан насны
уралдаанд Хулд сумын уяач Ө.Дэмчигдоноровын уясан П.Өлзийхүүгийн сартай хонгор,
Сайнцагаан сумын уяач О.Баярсайханы хээр, Сайнцагаан сумын уяач Д.Доржсамбын
хээр, Сайнцагаан сумын уяач Л.Цогтын зээрд, Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хул
тус тус айрагдсан бол Дааганы уралдаанд Хулд сумын уяач Б.Дашдоржийн хар алаг
түрүүлж, Хулд сумын уяач С.Хишигдэлгэрийн шарга, Луус сумын уяач Э.Улаанхүүгийн
хул, Хулд сумын уяач Б.Дарамбазарын халиун, Сайнцагаан сумын Б.Оюунбатын буурал
тус тус айрагдаж, унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баясгасан юм.







