Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-07-12 10:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд 9 цагаас эхэллээ.


Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит барилдааны гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Э.Оюунболд нарын тэргүүтэй 128 бөх үлдээд байна.


Энэ жилийн наадамд 152 залуу бөх барилдсанаас хоёрын даваанд ес, гурвын даваанд ганц бөх үлдсэн юм. Завхан аймгийн харьяат залуу бөх О.Хангалыг Улсын аварга Н.Батсуурь амлан авсан байна.


Гурвын даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулахад, Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ –аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/, Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/, Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/, Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –  залуу бөх О.Хангал /Завхан/, Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/, Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/, Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/, Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/, Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/-ийг тус тус амлан барилдлаа. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 9-11 цаг хүртэл үргэлжилж, дөрвийн даваа эхлэх хуваарьтай.

Холбоотой мэдээ