Хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-12 16:14:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс таван бөх Улсын начин цолны болзол хангаад байна.


Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамдаа тав давж, Монгол Улсын начин цолны болзол хангалаа.


Улсын аварга Ч.Санжаадамба цэргийн заан О.Батжаргалаар тав давсан бол энэ жилийн түрүү бөх хэмээгдэж байсан Улсын харцага О.Хангай Улсын начин Д.Цэрэнтогтоход уналаа.


Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд аварга, арслангууд ам авсан байдлыг танилцуулахад,  Монгол Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/-ыг, Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/-ийг, Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/-ыг, Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/-ыг, Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/-ыг, /Сэлэнгэ/ Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/-ыг,  Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/-ыг амлалаа.


Монгол Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяраар хамгийн түрүүнд зургаа давсан бол Монгол Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням/Хөвсгөл/-аар Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/-ээр тус тус зургаа давлаа.

Холбоотой мэдээ