Түрүү морьдын цолыг дуудаж, уралдаанч хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар түрүүлж, айрагдсан морьдын унаач хүүхдэд гарын бэлэг гардуулав.
Мөн түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, Монгол Улсын Шадар сайд, Наадам зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, наадам зохион байгуулах хорооны дэд дарга С.Амарсайхан нар шагналыг гардуулав.
ХЯЗААЛАН
Хязаалан насны морьдын уралдаанд 184 хязаалан шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Ажнай галын гишүүн Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоо өргүүлэв. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалжээ. Айргийн гуравт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын зурвас цавьдар, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдалсан юм.
ШҮДЛЭН
Шүдлэнгийн уралдаанд 350 хурдан үрээ бүртгүүлснээс 236 нь гарааны зурхайгаас эргэсэн. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат уяач Г.Ганбаярын хар үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлэв. Аман хүзүүнд, Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын хар үрээ, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат уяач Г.Баттулгын зээрд халзан үрээ, айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач О.Амгаланбаатарын хээр үрээ барианы зурхайд орсон юм.
Түрүү магнай: Уралдаанч 11 настай Мөнгөнбаярын Тэмүүн.
Аман хүзүү: Уралдаанч 10 настай Буян-Оршихын Энхбаяр.
Айргийн гурав: 13 настай Цэрэнжамцын Баярбат.
Айргийн дөрөв: Уралдаанч 8 настай Баттогтохын Мөнх-Очир.
Айргийн тав: Уралдаанч 12 настай Мөнхдалайгын Тэмүүжин.
АЗАРГА
Азарганы уралдаанд 168 азарга мордсоноос Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан үрээ түрүү магнайд хурдлав. Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, уяач Н.Баттөмөрийн сартай хонгор, айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач П.Мөнхтулгын бор азарга хурдлав. Харин айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.
Түрүү магнай: Уралдаанч 10 настай М.Түшиг
Аман хүзүү: Уралдаанч 13 настай Б.Хатансайхан
Айргийн гурав: Уралдаанч 11 настай Ц.Болор-Эрдэнэ
Айргийн дөрөв: Уралдаанч 13 настай Э.Итгэлт
Айргийн тав: Уралдаанч 15 настай Т.Төрболд
ИХ НАС
Их насны хурдан морины уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, тод манлай уяач Т.Галбадрахын бор хүлэг магнайдаа тоосгүй барианы зурхайд ирлээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр морь хурдлав. Харин айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд хүлэг хурдалж, наадамчин олныг баясгалаа.
СОЁОЛОН
Соёолон насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнайд хурдалсаар барианы зурхайд ирсэн. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодров. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, торгон жолоо өргүүлсэн юм.
Түрүү магнай: Уралдаанч 12 настай О.Өсөхбаяр
Аман хүзүү: Уралдаанч есөн настай П.Пүрэвбат
Айргийн гурав: Уралдаанч 11 настай Н.Отгонболд
Айргийн дөрөв: Уралдаанч есөн настай Б.Бат-Оргил
Айргийн тав: Уралдаанч 10 настай Б.Төрболд
ДААГА
Дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Г.Чинзоригийн халтар даага тод магнайд хурдлав. Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, уяач Р.Дуламсүрэнгийн халиун, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, уяач С.Батмөнхийн хээр даага тодров. Харин айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шаргал даага, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжавын хүрэн даага торгон жолоо өргүүллээ.
Түрүү магнай: Уралдаанч 10 настай Одончимэгийн Баяржавхлан
Аман хүзүү: Уралдаанч 9 настай Баттөрийн Төрболд
Айргийн гурав: Уралдаанч 13 настай Батсайханы Хатансайхан
Айргийн дөрөв: Уралдаанч 12 настай Баярцэцэгийн Мягмарцэрэн
Айргийн тав: Уралдаанч 9 настай Буян-Оршихын Энхбаяр
















