Аж ахуй эрхлэгчид түүхий эд экспортлох сонирхол их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадаад улс орон руу мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгэдхүүн экспортлох сонирхол их болж байна” гэж Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ч.Мөнхбат ярилаа.
Тэрбээр:-“Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасан байдаг. Мөн Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар тогтоолоор “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам” баталсан. Хуулийн этгээдийн хувьд стратегийн хүнс экспортлоход тодорхой шаардлагыг хангасан байх ёстой.
-Стратегийн хүнс гэж чухам ямар хүнсийг хэлдэг вэ? Хуульд юу гэж заасан байдаг вэ?
-Стратегийн хүнс гэдэгт малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг хэлнэ. Ийм хүнсийг экспортлож импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг салбарын яамнаас томилсон ажлын хэсэг зохион байгуулндаг. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгэдхүүнийг экспортлох үед МХЕГ-аас мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ авахын тулд “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуулийн 9, 11 дүгээр зүйлийн шаардлага хангасан байхаас гадна Монгол улсын Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор баталсан жагсаалт журмыг баримтална. Мөн Mонгол улсаас гадаад улс орнуудтай мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн харилцан экспортлох, импортлоход харилцан тохиролцсон хэлэлцээр, санамж бичиг, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл мэндийн гэрчилгээ зэрэг нөхцлийг мөрдлөг болгож ажилладаг даа.
-Та жишээ хэлж өгөөч хаана? Ямар улсад экспортолдог вэ?
-Тухайлбал: ОХУ-д адууны мах экспортлоход үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байх шаардлагатай. Түүнчлэн хэд хэдэн шаардлага тавигддаг жишээ нь үйлдвэр нь чанарын удирдлагын тогтолцоо нэвтэрүүлсэн байх, бусад халдварт өвчлөл илрээгүй байх зэрэг. Лабораторийн шинжилгээгээр: хүнд металлын үлдэгдэл, пестицидийн үлдэгдэл, антибиотик, дааврын бэлдмэлийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байх шаардлага тавигдана.
-Ямар шаардлага тавигддаг вэ?
-Гэрийн тэжээвэр амьтан, зорчигчийн хувийн хэрэгцээнд гар тээшээр авч явах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээг орон нутгийн МХГ-аас олгож байна. Уг гэрчилгээг Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор баталсан жагсаалт, журмын дагуу нэг иргэнд 1-5 кг хүртэл бүтээгдэхүүн байж болно. Гэрчилгээг авахад аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт хүсэлтээ гаргаж тоо хэмжээ, боловсруулалтын байдал, савлалт зэрэг барааны тухай мэдээлэл, экспортлох хугацаа, хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, оршин суугаа хаяг, очих хаяг, холбоо барих утас зэргийг тус тус тодорхой тусгах ёстой. Мөн гадаад паспортын хуулбар, гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг сарын хугацаанд хүчинтэй байх ба нэг бүрийн үнэ 10 мянган төгрөг байна. Хүсэлтийг үндэслэж тухайн бүтээгдэхүүнээс лабораторийн дээж авч дүнг үндэслэж гэрчилгээг олгодог” гэв.
Б.Норовсамбуу