Л.Н.Ардаева: Өвөг дээдсийн үлдээсэн түүхийг мэдэх гэж монгол бичиг сурч байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-15 14:20:56

Булган /МОНЦАМЭ/ “Эв мод”, “Бага алтаргана” наадамд зочлон ирсэн ОХУ-ын Буриад Улсын Закамень аймгийн номын сангийн дарга Лариса Николаевич Ардаеватай уулзаж ярилцлаа.

          - Та “Эв мод” наадамд олон удаа оролцож байна уу? Энэ талаар түүх танай аймагт байдаг уу?

          - 2006 онд Тэшиг суманд ирж байсан. “Эв мод” наадмыг сүүлийн жилүүдэд хийгээгүй. 1990-ээд онд жил бүр хоёр талдаа уламжлал болгон тэмдэглэдэг байсан. 2007 оноос манай хоёр аймгийн хил дээр байдаг ОХУ, Монгол Улсын Бага Илэнх-Айнек голын хилийн боомт хаагдсан. Тэгээд л бараг энэ баярыг хамтран тэмдэглэж чадаагүй. “Эв мод” наадмын тухай өнө эртний түүх бий.

Закамень аймаг Булган, Зэдийн аймаг Сэлэнгэ, Түнхэн аймаг Хөвсгөл аймагтай ойр учраас харилцаатай байдаг.

Хил нээлттэй байсан бол зам дөт байдаг болохоор хүмүүс их ирэх байлаа. Тэшиг сумаас 80 гаруй км яваад Закаменск хотод очдог. Одоо бид 1000 гаруй км явж Алтанбулагийн хилийн боомтоор дамжин ирж байгаа.

Манай аймагт зөндөө хөгшчүүл ах дүү нараа сурагласаар байна. Закамень аймгаас 22 хүн ирсэн. Ихэнх нь залуучууд байна. Байгалийн хувьд Закамень аймаг, Тэшиг сум их адилхан. Мод, чулуу, уул ус нь хүртэл ижил. Тэгэхдээ Монголын тал уужим юм. Хонь ямаа дүүрэн байна. Манай нутагт үхэр л байгаа. Адуу, хонь багатай.

          - Та монгол бичиг сурч байгаа гэсэн?    

            - Хэн танд миний юмыг “хуу” хэлээд өгчихөв өө.

- Монгол хүн бүр монгол бичгээ мэддэг байх хэрэгтэй л дээ.

- 2006 онд намайг ирэхэд танай аймгийнхан маш их юм үзүүлж харуулаад буцаасан. Тэгэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батчулуун, мэргэжилтэн Б.Эрдэнэбаатар нар оросоор их сайн ярьж байсан. Монгол хүн мөртлөө оросоор ямар сайн ярьдаг юм бэ гэж бодоод би монгол хэл үзье, монгол хүн шиг цэвэрхэн ярьж сурья гэж шийдсэн. Монгол хэл үзэх гэж их оролдсон. Сонин сэтгүүл захиалж аваад уншиж байсан.

Буриад, монгол үг адилхан. Уншихдаа өөр байдаг. Утгыг нь ойлгох юм бол их амархан тогтоодог. Үгийг харьцуулаад судалж эхэлсэн.

- Монгол бичиг сурч байгаа гэл үү?

-Монгол бичгийг Буриад хүмүүс их сонирхож эхэлж байгаа. Улаан-Үд хотод “Тэнгэрийн бичиг”, “Буриад соёл” гэсэн төрийн бус байгууллага бий болоод монгол бичиг их зааж байна. “Тэнгэрийн бичиг” гэдэг байгууллага төлбөртэй сургалт явуулдаг. Харин “Буриад соёл” гэдэг байгууллага төлбөргүй сургалт хийнэ. Монгол бичиг сурах дуртай хүмүүсийг цуглуулаад бага хүүхдээс эхлээд хөгшчүүлд хүртэл хичээл заана.

Закамень аймаг Улаан-Үд хот хоорондоо 425 км зайтай. Хол болохоор хүмүүсийг дагуулж очоод сургах боломж байхгүй.

Монгол хэл бичгийн багш нар ховорхон байна. Тэгээд монгол бичгийг өдөр тутам хэрэглэхгүй болохоор үзсэн сурснаа мартаад байна. Их, дээд сургуулийн хэлбичгийн багш нарыг сургалт явуулах талаар санал тавихад тэд нар чадахгүй гээд байсан.

Улаан-Үд хотын “Буриад соёл” байгууллагаас багш урьж авчирсан. Закаменьд гэртээ байлгаад хоёр долоо хоног хичээл заалгахаар тохирсон. Зар тавиад сургалт явуулах болоход 26 хүн ирсэн. Зургаан настай хүүхдээс эхлээд настай хүмүүс хүртэл ирсэн.

- Буриад хүмүүс ирсэн үү?

- Үгүй ээ. Бас орос хүмүүс байсан. Бүүр хоёр орос эхнэр хүүхдүүдээ дагуулаад сургамаар байна гээд ирсэн.

- Сургалт хэр зэрэг амжилттай болсон бэ?

- Зарим нь хүнд байна гээд явсан. Үсэг заасан. Холбоод уншуулж сургасан. Тэгэхдээ 16 хүн төгссөн. Энэ зун үргэлжлүүлээд багшаа урья гэсэн бодолтой байгаа.

- Монгол бичгээр унших ном байдаг уу?

- Байхгүй. Улаанбаатарт монгол бичгийн хэрэгсэл зардаг дэлгүүр байна лээ. Зорьж очоод бийр зэрэг бичгийн хэрэгсэл авсан. Фэйсбүүкийн монгол бичгийн групп рүү ороод бичгүүдийг уншиж үздэг.

Цаашаа сурах санаа их байна. Бас бийрээр бичиж сурмаар санагддаг.

Монгол бичгийн сургалт явуулахад хүн цуглуулахгүй бол яана гэж санаа зовж байсан.

“Та нар ямар учраас монгол бичиг сурах гэж ирэв” гэж асуусан. Зарим хүн “манай өвөө эмээгийн үлдээсэн бичгүүд байна” гэж хариулсан. Бүүр “Хадгалаатай бичгүүд байна” гэж. Тэгэхдээ бас номнууд байна гэсэн.

Монгол бичгээр бичсэн учраас ямар зүйл бичсэнийг ойлгохгүй байна. Өөрөө уншиж сурмаар байна гэж олон хүн хэлсэн.

Түүх юм уу, дайнд явахдаа монгол бичгээр бичиж үлдээсэн зүйл байгаа юм шиг байна.

          - Булган аймагтай ямар холбоо тогтоож байна вэ?

       - Аймгийн төв номын сантай хамтран ажиллахаар болсон. Манай аймаг руу монгол бичигтэй хүн явуулаарай гэж хэлсэн. Монгол бичиг заалгаад авна.

Хэдэн жилийн өмнө ирэхэд Улаанбаатар хотод ирэхэд дэлгүүр, байгууллагын хаяг криллээр байсан. Одоо бол монгол бичгээр хаягаа бичсэн байхаар нь их баярласан.

Манай Улаан-Үд хотод бас монгол бичгээр хаяг бичсэн харагддаг. Манай сургалтад суусан нэг хөвүүн бариач Закаменьск хотод монгол бичгээр “Бариач” гээд хаягаа биччихсэн байсан. Бас л бахархалтай сайхан харагдаж байгаа.

Монгол хэл бичгээ сайн эзэмшихийн тулд түүхийн тухай кино их үзнэ. Өмнө нь Монголд ирэхдээ “Ану хатан” гэдэг ном аваад уншсан. Сая Бат хааны тухай ном авсан.

- Та montsame.mn сайтад айлчилж “Хүмүүн бичиг” сонин уншиж монгол бичгээ улам сайн сураарай.

- Маш их баярлалаа. Монгол бичгээр унших сонин, сэтгүүл ерөөсөө олддоггүй юм.

          - Ярилцсан танд баярлалаа

Холбоотой мэдээ