Эмэгтэй жолоочид зам тээврийн ноцтой осол гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр, амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ноцтой гурван ослоос зургаан хүн нас барж, таван хүн бэртжээ. Осол гаргасан жолоочид бүгд эмэгтэй байсан талаар цагдаагийн байгууллага мэдээлэв.
Тодруулбал, Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг энэ сарын 13-ны өдрийн 06.03 цагт хүлээн авч шалгахад, тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай, эмэгтэй "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарчээ. Улмаар 6, 7 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн байна. Ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Мөн Хэнтий аймаг “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг энэ сарын 12-ны 09.52 цагт хүлээн авч шалгахад, 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажуу руу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтжээ. Ослыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
Түүнчлэн Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг энэ сарын 11-ний 20.05 цагт хүлээн авч шалгахад, 38 настай эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгслээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.