Долоодугаар сургууль 100 хүүхдийн дотуур байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-15 13:23:08

Ховд /МОНЦАМЭ/.  Аймгийн төвийн  сургуулиудаас анх удаа алслагдсан багийн сурагчдын  сурах, хөгжих, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийснээр Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль шинэ дотуур байртай болно. Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг БСШУЯ, Ховд аймгийн ЗДТГ-ын захиалгаар 2018 оны 10 дугаар сарын сүүлээр эхлүүлжээ. Одоогийн байдлаар барилгын дээврийн ажил, дотор шавардлага хийж байгаа бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна.

Барилгын гүйцэтгэгч компаниар "Гранд пасикал" ХХК ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь 4 тэрбум 291 сая 294 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болж байна. 100 хүүхдийн дотуур байр нь  35.0м х 17.0м хэмжээтэй, хоёр давхар юм.

Мөн орчин үеийн стандарт бүхий сургуулийн урлагийн заалтай. Урлагийн заал нь 21.0м х 18.0м хэмжээтэй баригдахаар зураг төсөвт тусгасан байна. Тус барилгыг энэ оны 08 дугаар сард ашиглалтад оруулна гэж албаныхан хэллээ. Ингэснээр Жаргалант сумын хамгийн алслагдсан баг болон  хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүд эрүүл, аюулгүй, шинэлэг  орчинд сурч, хөгжих  боломж бүрдэнэ.

7 дугаар сургууль нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 18 өдрийн А/164 тоот захирамжаар Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, анх 23 бүлэгт 679 сурагч, 66 багш ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн. Харин энэ хичээлийн жилд 93 багш ажилтантай, 40 бүлэгт 1130 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулсан байна. 

 

Холбоотой мэдээ