Завханы хүүхдүүд зуны сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Улиастайд "Оюунлаг Монгол" сургалтын төвөөс бага ангийн суралцагчдад зориулсан өдөр өнжүүлэхийг эрүүл
агаарт хичээллүүлж байна.
Аймгийн төвөөс
хоёр км зайтай цэвэр агаарт хоёр дахь жилдээ бага ангийн суралцагчдад
зориулсан сургалтыг эхлээд нэг сар орчим болжээ.
Энэ сургалтад хамрагдсан хүүхдүүд зуны даалгавраа хийх, бие бялдараа хөгжүүлэх, бүжиг, спортоор хичээллэнгээ гадаад хэл сурах, математик, монгол хэл, шатар, даам, соробан сампин, уран хайчилбар, бүжиг, гимнастик, хөгжим дуу, теквандо гэх мэт сургалтад хамрагдах боломжтой.
Цогц сургалтыг сурагчдын түвшинг тодорхой хэмжээгээр ахиулан төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор хийж байгаа. Өглөө, өдөр, оройн хоолонд цагаан идээгээр түлхүү хооллодог аж.
Эл сургалтад хамрагдах хүүхдийн тоо гүйцсэн хэдий ч эрэлт ихтэй байна. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчилсөн зуны сургалтаа наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай "Оюунлаг Монгол" сургалтын төвөөс мэдээлэв.
Мөн сургалтуудаас сонгон танхимын
болон ганцаарчилсан нэмэлт сургалтыг өгөх боломжтой юм. Өмнө нь Завхан аймагт зуны
сургалт хичээллэдэг төв байгаагүй аж.