Борцгор хотон шувуу хамгаалах төлөвлөгөө боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-18 15:40:25

Ховд /МОНЦАМЭ/.“Зүүн азийн борцгор хотонгийн хамгааллын төлөвлөгөө”-ний талаарх олон улсын зөвлөлдөх уулзалт  долдугаар сарын 17-ноос 18-нд Ховд аймагт  боллоо.

Уулзалтад олон улсын шувуу судлалын байгууллагын мэргэжилтнүүд, хотон шувуу судлаач эрдэмтэд болон Ховд аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллагын удирдлага, төлөөлөл, хотон бүхий газрын байгаль хамгаалагчид оролцож, санал солилцов.

Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Монгол Улс, тэр дундаа Ховд аймагт анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Уулзалтын үеэр Зүүн Азийн борцгор хотонгийн ажлын хэсэг байгуулах, популяцийн үнэлгээ хийх, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх хотон шувуу хамгааллын ажлын тухай ярилцсан юм.

Мөн цаашид тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотой тодорхойлж,  ажлын төлөвлөгөө боловсруулснаараа чухал ач холбогдолтой байв.
Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалах зорилго бүхий Улаан номд орсон борцгор хотон шувуу нь Монгол орны баруун хэсгийн цөөн хэдэн нуурт үүрлэж, өндөглөн, Хятадын зүүн өмнөд хэсгээр өвөлждөг.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Зүүн Азийн борцгор хотонгийн тоо толгой 150 хүрэхгүй, улмаар устаж болзошгүй шувууны жагсаалтад бүртгэжээ.

Иймд олон улсын хэмжээнд борцгор хотон шувууг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд  анхаарал хандуулж, урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан нь  энэ юм. 

Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 60 гаруй хотон шувуу өндөглөн зусаж байна. 



Холбоотой мэдээ