Завхан аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн аялагч жуулчдын сонирхлыг татдаг байгалийн үзэсгэлэнт газруудаас түүвэрлэн хүргэж байна. Завхан аймагт адал явдалт аялал жуулчлал, эко аялал жуулчлал, тусгай сонирхолын аялал жуулчлал, бүс нутгаар дамжин өнгөрөх, тойрон аялал жуулчлал, соёл- танин мэдэхүйн аялал жуулчлал, рашаан сувилалын аялал жуулчлал, эмчилгээ оношлогооны аялал жуулчлалыг хийж болно.
1.Монголчуудыг даадаг Очирваань
хайрханы сүншигтэй Отгонтэнгэр хайрхан
Монголчууд Отгонтэнгэр хайрханыг эртнээс
тахиж шүтэж ирсэн ба анх VI-VIII зуунд Түргүүд тахидаг байжээ.
Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдаж 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байгаад мөн л мартагджээ.
Харин 1995 онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөгдсөн.
Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.
Завхан аймгийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан сумын нутгийн заагт оршдог аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78 км, Отгон сумаас Хайрханы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг. Отгонтэнгэр хайрханыг өнгөрсөн жил тахисан бөгөөд 20000 гаруй хүн оролцжээ.
2.Үр хайрлах шидтэй Даян
хайрхан
Отгон тэнгэрийн баруун талд харуул
мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн далайн түвшнээс 2500 метрийн өндөртэй
хоёр сүрлэг хайрхан бий.
Даянгийн хоёр талд хөх, Цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамалтай.
Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.
Мөн бөөгийн шашинд
энэ хайрханы дэргэд эр эм хоёр мөргөл залбирал үйлдэж сүслэвээс үр хүүхэд
заяадаг домтой, баатар хөвүүн заяадаг ч хэмээдэг.
3. Цагаан нуур
Даян хайрханы баруун бэлд Хөх
нуураас холгүй далайн түвшнээс 2230 м өндөрт оршдог. Морены хурдсанд хөөгдөж
тогтсон цэнгэг устай 3.1 км.кв талбайтай,3.6км урт,1.6км өргөн гүн нь 28 м нуур
юм.
Их бага Даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн
хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгийн
хамт цутгадаг.
4. Ногоон нуур
Овоот уулын бэл. Тусгалтын ар
бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж төгссөн нуур. Ногоон нуур гэсний
учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон
харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь аль ч талын эргээсээ дотогш
5-8м орчмын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг.
Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Хажууд нь очиход
нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна.
Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал
урсан гарч Идэр голд нийлдэг байна.
5. Улаагчны хар нуур
Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш
80 км, аймгийн төвөөс 110 кмт оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн
шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй Жаахан
нуур, Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48м, уртаашаа
30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельд гэсэн
хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 м
өргөгдсөн Их бага хоёр Авгаш нэртэй арал бий.
Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.
Энэ нуурын эрэгт ирэх долдугаар сард Нүүдэлчдийн соёлын их наадмыг
зохион байгуулахаар болжээ. Говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нуурын
эрэгт дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна. Завхан аймгийн
аялал жуулчлалын гол бүс нутгуудын нэг.
6. Мухартын гол
Уг гол нь Эрдэнэ хайрхан сумын
төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш
450 м өндөр элсэн манханаас эх авч урсдаг.
Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм.
Уг голд очиход шавар намагт явахад суухгүй тээврийн
хэрэгслээр явбал тохиромжтой юм. Өдгөө энэ голыг зорих жуулчдын тоо жил бүр
нэмэгдсээр байна.
7.Дуут хад
Завхан аймгийн Сантмаргац сумын
төвөөс зүүн хойно 23 километрт байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө
Дуут буюу Дэрэн чулуу ч гэж нэрлэгддэг. Учир нь гурван ширхэг жижиг чулуун дээр
хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан, чулууны урт нь 85см, өргөн нь
55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй,
хоёр хажуу талд нь яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн буган
чулуутай.
Энэхүү буган чулуу нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дуугардаг байна.
Энд нутгийн дуу хуурт дуртай иргэд ирж дуут чулууг хөглөж ая
тоглох дуртай ажээ. Мөн тус сумыг зорин ирсэн зочид заавал үзэж сонирхдог газар
ажээ.
8. Хүнгүйн гол
Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч Айраг нуурт цутгадаг гол.
Урт нь 200 км, ай савын талбай нь 21,6 мянган км/кв. Усны жилийн дундаж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ.
Уг гол нь эргийн дагуур хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм.
Зундаа нар жаргах мөчид элсэн манхан дунд цэнхэртэн харагдаж намуухан зөөлөн урсгалтай гол юм.
Энд мөн аялагч, жуулчид тухлах дуртай ажээ.
9.Загастайн давааны хүн чулуу
Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байх үед Хятадууд бослого гаргаж Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ.
Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ.
Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ. Хөөж ирсэн дайсанд гүйцэгдэх болоход лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ.
Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан
ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.
Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна.
Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан
хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг
илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь
гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй!
хэмээжээ.
Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асуужээ.
Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад: Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.
Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас айн сүрдэх болжээ. Загастайн даваа нь нэг талаараа өндөр хавцал бүхий голтой,сүрдэм даваа билээ. Гэхдээ энэхүү даваагаар заавал давж Завхан аймгийн төв Улиастайд хүрч очдог байна.
10.Их Юань хайрхан уулын Зүрхэн чулуу
Үндэсний бөхийн аварга цолны
тодотгол чимэгт “далай, даян, дархан” гэсэн үг байдгийг хүмүүс мэднэ.
1229 онд Өгөдэйг Их Монгол улсын хаан ширээнд залахдаа “Далай хаан” гэж өргөмжилсөн.Тэр “далай” гэсэн өргөмжлөл нь аварга цолны чимэг үг болон шилжжээ хэмээн тайлбарлаж болно.
“Дархан” гэдэг нь бусдаас илүү эрх дарх эдлэх хэмжээнд дархлагдсан тухай ойлголт, тиймээс аварга цолтон ам авахдаа өөрийнхөө хүссэнээр бусад цол багатай учраа бөхчүүдээс сонголт хийж хэн дуртайгаа амлан барилддаг гэсний илэрхийлэл аж.
Харин “даян” нь Батмөнх хааны өргөмжлөл цол “Да Юань” гэсэн үг юм билээ. Мандухай цэцэн хатан 1470 онд Чингис хааны 15 дахь үеийн долоон настай Батмөнхийг Халх Монголын хаан ширээнд залахдаа “Амь бат, төр нь мөнх, явдал ёс нь сайн, даян (да юань) бүгдийн эзэн нь болтугай” гэж Да Юань хаан буюу “Даян хаан” цол өргөсөн байна.
Цэцэн Мандухай бэлгэдлийг бодож Хубилай хааны байгуулан засаглаж байсан Их Юань шиг улсыг дахин босгох болтугай хэмээн Батмөнх хаанд ийм цол өргөжээ гэж түүхч судлаачид үздэг. (Да нь их, том гэсэн утгатай хятад үг. Нийслэл Улаанбаатарыг XVIII-XIX зуунд Да хүрээ, Их хүрээ гэж хоёр янзаар нэрлэдэг байсан нь ийм учиртай).
Хангайн нурууны ноён оргил, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы баруун хойд талд Да Юань гэсэн нэртэй дагуул нэгэн уул байдаг. Завхан аймгийн Алдархаан сумын төв Алдар суурингаас зүүн тийшээ 85 км-т буй энэ уулыг шинэ цагийн геодези-газар зүйн зурагт Да Юань гэсэнгүй харин “Даян хайрхан уул” гэж албан ёсоор тэмдэглэжээ.
Нэвтэрхий тольд “Даян хайрхан уул. Оргил нь 2500 м өндөр. Урд талын тагийн орой дээр орших боржин чулуун цохиог “Хаан цохио”, хойд талын тагийн оройд орших хадан цохиог “Хатан цохио” хэмээнэ. Тахилгатай уул оройн дэвсэг хэсэгт боржин хадны элэгдлээр үүссэн бундан зүрх хэлбэр бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой чулуу бий.
Нутгийнхан нь урд Даян хайрханы Зүрхэн чулуу гэж нэрлэдэг” гэх мэтээр бичсэн нь буй. Аялагчдын үзэж сонирхож болох түүхэн газар юм.
11.Тэнгэрийн цэцгийг Их бага Даян хайрханы
оройд л үзэж болно
Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү.
Латинаар: saussurea involucrata. Энэ ургамал нь зөвхөн өндөр уулсын тагийн
бүслүүрт буюу далайн түвшнээс дээш 2500-3500 метр орчмын өндөрт хад, асга,
асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм.
Монголд Хөвсгөл, Хангай, Алтай, Говь-Алтайн тойрогт ургах маш ховор ургамлын нэг. Баг цэцгийнх нь голч 10-15 см, Том ягаан өнгийн цэцэгтэй, хос бэлгэтэй, нэг гэрт ургамал. Нэг ургамал дээр эм, эм бэлгэ эрхтэн хамт байрладаг гэсэн үг.
Хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууцыг одоогоор тогтоогоогүй
байна. Вансэмбэрүү цэцгийг Монголчууд эртнээс "Тэнгэрийн цэцэг" хэмээн
хүндэлж ирсэн. Вансэмбэрүүг байгалиас тасдаж авахдаа дээр нь майхан барьж
лусыг аргадан идээ будаа өргөж, газрын хүйснээс нь салгахдаа тэнгэрт үзүүлэхгүй
авдаг байжээ. Эрт үеэс эмийн чанараар алдаршсан энэ ургамлыг эм тан хийх
зорилгоор түүдэг байсан. Вансэмбэрүүг хатааж хорт хавдар, уушгины өвчин,
ханиадны эм болгон хэрэглэдэг.
Хэдийгээр эмзүй, эмнэлзүйн шинжилгээгээр эмийн чанарыг нь судалж анагаах ухааны эмнэлгийн албан ёсны эмийн ургамал болгоогүй боловч нөмрөгт банздоог нийтийн зах зээл, төв, орон нутгийн эмийн сангуудад эх хэмжээгээр бэлтгэн худалдаж байгаа буруу үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна.
Үрээр маш муу үрждэг. Үрийг нь гадаадад худалдах, гаргахыг 1974 онд
олон улсын конвенцээр хоригложээ.
12.Бөмбөрцөг чулуу
Эрдэнэхайрхан сумаас хойд зүгт
135км, аймгийн төвөөс 138 кмт уулын энгэрт байдаг гарал үүсэл нь элэгдэл,
өгөршилөөр үүссэн бөөрөнхий боржин чулуу юм.
13.Тэнгэрийн үүд хэмээгч сэнжит цохио
Нутгийнхан
Тэнгэрийн үүд хэмээн шүтэх Сэнжит цохио нь
Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог. Далайн түвшинөөс дээш 2773 метрийн өндөрт өргөгдсөн байна.
Энэхүү сонин тогтоц бүхий цохио нь элсэн манхан бүхий уулын оройд 10 метрийн
өндөр, 6-8 метрийн өргөн, боржин чулуун байгалийн
хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчмын үзэсгэлэнт газар элбэгтэй аж. Тэнгэрийн үүдийг зорих хэн бүхэн мосттой тээврийн хэрэгслээр гарч болох ба цааш давж 30 км яваад Улаагчны Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж үзэж болох юм.
14.Дэнхэн чулуу
Алсаас харвал яст мэлхийн толгой ч юм шиг. Ахиулж үзвэл аварга үлэг гүрвэлийн толгой лугаа харагдах өвөрмөц тогтоцтой хад нь Алдархаан сумаас 18 км, аймгийн төвөөс 18км-т оршдог.
Нутгийнхан Дэнхэн
чулуу хэмээн
нэрийддэг байгалийн хачин өвөрмөц тогтоц бүхий
боржин чулуун цохио хадыг мөн аялагчид үзэж сонрхож болох юм.
Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг
Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө
бий.
Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд
байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж
судлаачид нэрлэдэг.
Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана. Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагддаг.
Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам.
Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.
Завхан аймаг нь Монголын эртний түүхэн газруудын нэг бөгөөд, аймгийн төв Улиастай хот 1733 онд, Завхан аймаг 1923 онд байгуулагдсан.
Нийт нутаг дэвсгэрийн талбай нь 82500 км /квадрат газар нутагтай. Монгол орны баруун хойд хэсэгт Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Àлтай, Ховд, Увс аймагтай хиллэдэг.
Хойд талаараа ОХУ-тай хиллэнэ. УБ-хотоос 1180 км алслагдсан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой, ховор ан амьтан жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм.
Завхан аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь аялал жуулчлал юм.Жилийн дөрвөн улиралд байгалийн говь, хангай, ой хээрийн бүсийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгууд, Монголчуудын нүүдэлчдийн уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой.
Тиймээс 2017 онд Монголд анх удаа нүүдэлчдийн соёлын наадмыг амжилттай зохион байгуулснаас хойш гадаад дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байгаа.