Украинчууд өнөөдөр Дээд Радагийн гишүүдийг сонгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-21 11:54:27

КИЕВ. /Ukrinform/. Украины парламент буюу Дээд Радагийн ээлжит бус сонгууль ням гарагт болно. Санал хураалт өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд гадаадын санал хураах байрууд тухайн улсын цагаар ажиллана. 


Санал хураалтад оролцож буй иргэд намын жагсаалтаар болон мажоритар системээр нэр дэвшигчдийн нэрс бүхий саналын хоёр хуудас бөглөнө. Харин оршин суугаа газраа түр сольсон иргэд зөвхөн намд саналаа өгөх аж.


Дээд Радагийн ээлжит бус сонгуулийг явуулахын тулд 199 тойргийн нутаг дэвсгэр, хилийн чанадын нэг тойрог, мөн 30 мянга орчим сонгуулийн хэсгийн хороо байгуулжээ. Гадаадад сонгуулийн 102 хэсэг ажиллана.


Үүний сацуу, Украины Сонгуулийн төв хорооны /СТХ/ шийдвэрээр, Донецк болон Луганск мужийн хэд хэдэн тойрогт, мөн Крымд парламентын ээлжит бус сонгууль явуулахгүй байна.


СТХ олон мандаттай сонгуулийн тойрогт 22 намын жагсаалтаар нэр дэвшсэн 2700 гаруй хүнийг болон нэг мандаттай тойрогт нэр дэвшигч 3200 гаруй хүнийг бүртгэжээ.


Сонгуулийн үеэр албан ёсоор ажиглалт явуулах эрхийг Украины олон нийтийн 163 байгууллагад олгосон байна. Үүнээс гадна, олон улсын 22 байгууллага болон гадаадын 12 улсын 1719 ажиглагч сонгуулийн явцыг ажиглах аж. Дээд Радагийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулахад нийтдээ 1.9 тэрбум гаруй гривень төсөвлөжээ. Санал хураалтын үеэр сонгогчдын аюулгүй байдлыг хууль сахиулах 130 мянга гаруй ажилтан хангана.  


СТХ сонгууль болсон өдрөөс хойш 15 дахь хоногоос хэтрэхгүй санал хураалтын дүнг зарлах ёстой байна.

Холбоотой мэдээ