Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-22 14:10:11
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ.

Цахим бүртгэл ирэх сарын сарын 22-ныг дуустал үргэлжлэх аж. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, "2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга хүүхэд, төрийн бус өмчийн буюу хувийн 454 цэцэрлэгт 33 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байна. 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харъяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандаж хүүхдийнхээ регистрийн дугаараар цахимд бүртгүүлнэ” хэмээн ярилаа.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг "Цэцэрлэгийн цахим бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулж байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 90 минутын хугацаанд 4033 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлд анхаарах гол зүйл нь харъяа дүүрэг, хүүхдийн регистрийн дугаар зөв эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Бүх бүртгэл цахимаар явагдана" хэмээн тайлбарлалаа.

Цахим элсэлтийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх аж. Харин тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Холбоотой мэдээ