Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн гурван саналыг шийдэх боломжтой

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-07-22 14:46:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг Төрийн ордноо өнөөдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. 


УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-аас төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, энэ сарын 16-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн төслийг энэ сарын 18-нд УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийн дагуу давхар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Тиймээс эл хуулийн төслийг одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулж, Ерөнхийлөгч даргалахаар болсон юм. Тус зөвшилцлийн ажлын баг энэ сарын 19-нд хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа, энэ долоо хоногт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон юм. Тэдгээр хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр оролцох бөгөөд, МАН, АН, МАХН, ИЗНН, ХҮН, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг улс төрийн хүчний 130 гаруй төлөөлөл санал бодлоо солилцохыг хэлэлцүүлгийг даргалж буй УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт танилцуулав. 



Ингээд Ажлын багийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр, "УИХ-аар одоо хэлэлцэж буй УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой зохицуулалт тусгасан. Тухайлбал, давхар дээлтэй сайдын тоог 4-5 байхыг зөвшөөрөх, Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлөх, УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь мэдүүлэх, Төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий санал тусгаад байгаа юм. Харин миний боловсруулсан саналд, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн нь Ерөнхий сайдаар ажиллах бөгөөд, бусад Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглохоос гадна Засгийн газар нь ҮАБЗ-ийн үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагыг тусгаад байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг хариуцсан хараат бус байгууллага хянаж, дүгнэлтээ УИХ-аар хэлэлцдэг байх, тус байгууллагыг шинээр байгуулахыг санаачилсан. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож, яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох зэрэг Үндэсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой шаардлага бүхий нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  Эдгээр санал нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн хугацаанд өрнөж буй иргэдийн санал шүүмжлэлд үндэслэсэн" хэмээв.


Үүний дараа УИХ дахь АН-ын зөвлөлийн саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Тэрбээр, АН-ын зөвлөлийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй санал нэгдсэн гэдгийг дурдаад, "Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгчид танилцуулснаар, Ерөнхий сайд томилж, чөлөөлнө гэсэн хувилбарыг дэмжиж байна. Дээрээс нь Засгийн газрын хугацааг таван жил болгож байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, орон нутгийн чадавхийг сайжруулахад чухал заалт гэж үзсэн. Харин УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан, одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд Ерөнхий сайд өөрөө огцрох заалтыг байхгүй болгосныг дэмжихгүй. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой сонгуулийн тогтлолцоог холимог байх ёстой гэсэн саналтай ижил байр суурьтай байна. Улс орны хөгжлийн дараагийн шат руу чиглэсэн бодлогын зөв шийдэлтэй сонгуулийн тогтлолцоонд шилжих нь зүй. Дээрээс нь нутаг дэвсгэр засаг захиргаатай холбоотой зохицуулалтад, хотыг засаг захиргааны нэгж болгож байгааг дэмжсэн" гэв. 


Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцож буй зарим төлөөллөөс байр суурийг нь сонслоо.



Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: -Парламентыг ард түмэн сонгосон бол Засгийн газрыг сонгож чаддаггүй.  Ингээд Засгийн газар, Парламент холилдоод ирэхээр нэг нэгэндээ хариуцлага тооцох боломжгүй болоод байна. Энэ замбараагүй байдал сүүлийн 27 жил үргэлжилж, ард түмэн энэ улсыг эзэнгүй боллоо гэж шүүмжлээд байгаа юм. Тиймээс Засгийн газрыг ард түмэн байгуулъя гэдэг саналтай байна. Ингэхдээ, Ерөнхийлөгчийг ард түмэн сонгоно, Ерөнхийлөгч нь Засгийн газрыг толгойлдог байхаар зохицуулах юм. Харин Парламент нь олонх, цөөнхөөрөө бүрэлдэнэ. Тэгвэл Засгийн газар, парламент нэг нэгнээ хянах боломжтой болно. Одоогийн тогтлолцоо нь олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд болоод, мөн олонх болсон намын гишүүн нь УИХ-ын дарга болж байна. Парламент Засгийн газар нь хоорондоо ингэж холбогдохоор хариуцлага байхгүй болдог. Тиймээс Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлно гэсэн санал тусгах хэрэгтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ саналыг гаргаж, олны зэмлэлд өртөхөөс эмээж байгаа байх. Тэгж болгоомжлох хэрэггүй гэж бодож байна.



Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: -Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгагдсан, ард түмний нийтээрээ дэмжиж байгаа зохицуулалт нь давхар дээлийг хязгаарлах юм. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын таван сайд УИХ-ын гишүүн байж болохоор заасан бол, Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байх зарчмыг баримталж байна. Энэ хуулийн өөрчлөлтийн хамгийн гол зүйл нь Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох юм. Энэ шаардлагыг хангахад Засгийн газарт УИХ-ын таван гишүүн сайд байхаар хязгаарлах нь хамгийн боломжтой санал гэж үзэж байгаа юм. 2004-2008 оны парламентад аль ч нам олонх болоогүй, таван нам хамтарч эвслийн Засгийн газар байгуулсан түүх байдаг. Тиймээс аль ч олонх болоогүй нөхцөл байдлыг бид тооцоолох ёстой. Улс төрийн намууд зөвшилцөж, Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэхгүйгээр, зөвхөн Ерөнхий сайд давхар дээлтэй байна гэж хуульчлах нь сөрөг үр дагавартай. Аль нь ч олонх болоогүй тохиолдолд  магадгүй, улс төрийн намууд Засгийн газраа тэлээд 10-20 яам байгуулах, нэг дэд сайд биш 2-3 дэд сайдтай болгож төлөөллөө бүрдүүлэх байдлаар маш том Засгийн газар байгуулах эрсдэл гарч болно. Тиймээс бид цомхон, чадварлаг, зөвшилцлийн Засгийн газрыг бүрдүүлэх боломжийг харж тооцох ёстой. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслөөс гурван асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн суудлыг тоог тэлэх зохицуулалт. Мөн Ерөнхий сайдыг давхар дээлтэй байхыг зааж өгвөл, сонгуулийг холимог тогтлолцоогоор явуулах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд намууд сонгуульд оролцсон эхний 15 хүнийг Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлнэ. Ингээд ард түмнээс санал авснаар Засгийн газрыг бүрдүүлэх боломжтой. Тогтвортой Засгийн газрыг бий болгох гэж байгаа бол дээрх хоёр зохицуулалтыг шийдэх нь зөв. Дараагийн талархан дэмжиж байгаа санал бол, Шүүхүүдийг Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжээс хамаарахгүй байгуулах санал гарсан. Өнөөдрийн нөхцөл байдалд аймгийн шүүх эцсийн шийдвэр гаргаж байгаа. Энэ нь тухайн нутаг дэвсгэрийн томоохон уул уурхайн компани зэрэг аж ахуйн нэгж нь шүүхийг худалдаж авах замаар шийдвэрт нөлөөлөх эрсдэл үүсгэж байгаа юм. Тиймээс тойргийн журмаар шүүхийг байгуулна гэдэг нь тухайн орон нутгийн удирдлага, компаниуд аймгийнхаа шүүхийг  дангаараа хувьчилж авах боломжийг үгүйсгэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн шүүх, авлигын эсрэг шүүх, татварын шүүх гэж шүүхийг мэргэшүүлээд дагнуулах нь илүү шударга тогтлолцоонд орох ач холбогдолтой.



УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар: -Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөлтэй танилцсан. Судлаач хүний хувьд, зарим саналыг дэмжиж байгаа ч нэлээд хэсэгтэй нь санал нийлэхгүй. Тухайлбал, Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг ҮАБЗ хянана гэсэн санал байна. ҮАБЗ-ийн гол үүрэг нь Монгол Улсын дотоод, гадаадад учирч болох эрсдэлийг тооцоолж, зөвлөмж гаргадаг байгууллага. ҮАБЗ шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хөтөлбөрт зөвлөмж, санал дүгнэлтээ гаргаж Засгийн газарт өгөх эрх нь одоо ч нээлттэй байгаа. Үүнийг хуульчилна гэдэг нь Засгийн газар бодлогын хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө ҮАБЗ-өөр урьдчилан хянуулдаг байх шат дамжлага бий болно. Ийм шат дамжлага бий болгож байгаа нь зохимжтой биш. Засгийн газрын хөтөлбөр нь эрх баригч намаас гардаг бодлого. ҮАБЗ түүнийг хянана гэж үзвэл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь эрх баригч намын гишүүн болсон тохиолдолд, энэ үйл явц бэлгэдлийн шинжтэй болно.


Зөвшилцлийн багаас маргааш 10.00 цагт Төрийн ордноо Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Холбоотой мэдээ