Засаг даргын нэрэмжит их дээд сургуулийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-07-22 21:06:39

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит 2019 оны их дээд сургуулийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн залуус анкет, өргөдөл, цээж зураг, коллеж, их, дээд сургуулийн батламж, сурч буй тодорхойлолт, сургууль, анги удирдсан багш ба нийгмийн ажилтны тодорхойлолт, тэтгэлэг хүсэгчийн гаргасан сурлага, урлаг, спорт, олимпиадын дүн, уралдаанд оролцсон амжилт, байдлыг гэрчлэх материалын хуулбар зэрэг 11 төрлийн баримт бүрдүүлэх ёстой.

Элсэхийг хүсэгчдийн материалыг наймдугаар сарын 16-ныг хүртэл ЗДТГ-т хүлээн авах аж. Тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд жил бүр хагас болон бүтэн өнчин хүүхдэд болон амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн оюутанд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн сургалтын тэтгэлгийн дэмжлэг үзүүлэх зорилт тусгасан байна.

Сургалтын тэтгэлэг олгоход шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн Орон нутгийн хөгжлийн санд төлөвлөж байхаар Засаг даргын захирамжид тусгажээ.

Холбоотой мэдээ