Хепатит вирусын шинжилгээнд 15-аас дээш насны иргэн хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-29 13:33:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран "Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа.

Хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох, вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг багасгахад өдөрлөгийн зорилго чиглэж байв.

Энэ үеэр БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар иргэдэд хепатит вирус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгсөн бөгөөд биеийн өндөр, жин, даралт хэмжих зэрэг эрүүл мэндийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай  үзүүлсэн байна. 

Хепатит вирусын шинжилгээнд 15-аас дээш насны бүх иргэн хамрагдах боломжтой бөгөөд энэ удаагийн  өдөрлөгөөр  150 гаруй  иргэн үзлэгт хамрагджээ. 

Мөн эмч нар хепатит вирус, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 500 орчим зөвлөгөө, сургалт сурталчилгааны материал  тарааж, хепатитийг устгахад хувь нэмрээ оруулахыг  ард иргэдэд уриалав. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн хэмжээнд элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээнд 2017 онд  40-65, 2018 онд 15-39 нас, 2019 онд 15-аас дээш насны нийт 23392 иргэнийг хамруулсан  аж. 

Сүүлийн 10 жилийн судалгаагаар Ховд аймаг вирус хепатитийн халдварын 789 тохиолдол бүртгэсэн байна. Энэ нь хепатит вирус архагших, элэгний хатуурал, хорт хавдар үүсэх шалтгаан болж буйгаас гадна цаашид эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг даатгалд хамруулж, улмаар эрт илрүүлэг шинжилгээнд оруулах, эмчлэн эрүүлжүүлэх шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд ярив. 


  


Холбоотой мэдээ