Түмэн адууны баяр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран “Түмэн адуу”-ны баярыг наймдугаар сарын 18-нд тэмдэглэнэ.
Баярын үйл ажиллагаа нь морьтны өв соёл хийгээд ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой ажээ.
Сүүлийн жилүүдэд малчид адууг уналга, маллагаанд ашиглахаа больж мотоцикль, машинаар малаа хариулдаг болсон нь бэлчээр талхлаж, доройтуулахаас гадна малчин айлд зардал нэмэгдэж зарим нь хурд хэтрүүлэн амь насаа алдах аюул тохиолдож байгаа аж.
Тиймээс мориор малаа хариулдаг байсан ёс уламжлал, өв соёлыг сэргээх шаардлага байгаа гэж ЗДТГ-аас мэдээлэв. “Түмэн адуу”-ны баяраар цагаан идээний үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, морьтны жагсаал, монгол дээлээр хувцасласан байдал, эдлэл хэрэглэл, унасан морины ижил төстэй байдлыг харгалзан хос морьтон шалгаруулах уралдаан, айраг уух тэмцээн, “Адуучин” тэмцээн, “Морьтой монгол” дууны тэмцээн, цэнгүүн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баярын өдөр бүх оролцогчид мотоцикль
унахгүй, зөвхөн морио унах, монгол дээлээрээ гоёх шаардлага
тавьж байгаа ажээ.