“Түүх мартахгүй” киноны Увс аймаг дахь зураг авалт дуусав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” түүхэн, баримтат уран сайхны киноны зураг авалт дууслаа.
“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн бүтээж байгаа киноны зураг авалт өнгөрсөн сарын 22-ноос эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд Увс аймагт өрнөсөн. Киноны талаар ерөнхий найруулагч А.Мөнхсүхтэй уулзаж зарим зүйлийг тодруулахад тэрээр ийн ярив.
Увс аймагт нийт 24 стина зураг авалт хийлээ.1940 онд маршал Х.Чойбалсан Ю.Цэдэнбал даргатай хамт Увс аймагт ирж, түүний
төрсөн газар болох Цагаанбураад очиж Юмжаа гуайн хөгшин Заяатад бэлэг
гардуулсан хэсэг. Мөн Давст уул дахь Ю.Цэдэнбал даргын
зураг авалт болон 1940-1947 оны үйл явдлын зураг авалтыг орон нутгийн гудамж
талбай түшиглэж авсан. Үүнээс өмнө бид Эрхүү хотод 20 хоног зураг авсан.
Увсын ард иргэд биднийг халуун дотноор хүлээн авч, дэмжиж тусалж байсанд баярлалаа. Энд хийсэн зураг авалтын хамгийн хүнд зүйл нь цаг агаарын бэрхшээл байсан. Бороо их орсны улмаас ажил бага зэрэг удааширсан.
Бусад зүйлс бүтэмжтэй сайхан байлаа. Монгол ахуйг харуулсан, мал сүрэгтэй зураг авсан. Эдүгээ манай киноны зураг
авалтын 50 хувь нь бэлэн боллоо. Үлдсэн 50 хувийн зураг авалтыг Улаанбаатар хотод хийнэ.Ирэх есдүгээр сарын 25-н гэхэд бүх зураг авалт дуусна.
Фронтод бэлэг илгээж байх үеийн хэсэгт 150 гаруй
хүн олны хэсэгт тоглосон. Мөн жижиг хэсгүүдэд оролцсон хүмүүсийг нэмбэл нийт 300 гаруй хүн Увс аймгаас оролцсон байна. Увс аймгийн “Ойрад” театрын
уран бүтээлчидтэй бид хамтарч ажиллахдаа туслах дүрүүдэд тэднийг тоглуулсан.
Кино хоёр ангитай. Эхний ангийг оноос өмнө нээж, үлдсэн ангийг дараагийн онд хийхээр төлөвлөж байна гэв.
Киноны зохиолч, ерөнхий продюсероор “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” киноны зохиолыг бичсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа аж.
Ю.Цэдэнбал даргын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулж байна. Харин Филотавагийн идэр насны дүрд Катя гэдэг орос жүжигчин тоглож байгаа аж.