Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-09 13:19:19

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны салбарын хамгийн авьяаслаг төлөөлөгчдөд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулах механизм боловсруулахыг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газартаа үүрэг болгожээ.


“Их Британи нь шинийг бүтээгч түүхээрээ бахархдаг бөгөөд бидний бүтээсэн зүйлүүдийн дотор энгийн унадаг дугуйнаас авахуулаад гэрлийн чийдэн хүртэл бий. Бид дэлхийн анхны үндэсний хэмжээний ДНХ-гийн мэдээллийн сангийн бага эх орон байсан. Бид графеныг нээсэн, манай эрдэмтэд хилийн чандад манлайлж байгаа бөгөөд тэд математикч Ада Ловелес, Нобелийн шагналтнууд болох молекулын биологич Фрэнсис Крик, онолын физикч Питер Хиггс зэрэг аваргуудтай мөр зэрэгцэн алхаж байгаагаар бид бахархах ёстой. Гэхдээ мэдлэгийг дээшлүүлэхэд цаашид манлайлахын тулд бид зөвхөн өөрт байгаа хүний нөөцөө дэмжээд зогсохгүй цагаачлалын тогтолцоогоо дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шилдэг эрдэмтдийг татдаг болгох ёстой” гэж тэрбээр пүрэв гарагийн орой “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Гадаадын эрдэмтдэд виз олгох хялбаршуулсан журам боловсруулах үүргийг Б.Жонсон Их Британийн Дотоод хэргийн яам болон Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн хэрэг эрхлэх яамандаа өгч, шинжлэх ухааны нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ