Нөхөрлөлийн гишүүдийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-08-12 09:21:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд анх удаа зохион байгуулсан Нөхөрлөл хөгжил туршлага судлах арга хэмжээтанилцах аяллын хамгийн чухал үйл ажиллагаа нь төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй  нөхөрлөлийн гишүүдийн хийсэн гар урлалын үзэсгэлэн байлаа.   

Гараар сүлжиж хийсэн морины суран эд хэрэгсэл нүд хужирлав

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тэсийн цуурай ойн нөхөрлөлийн гишүүн Ц.Равдан гуайн жил гаруйн хугацаанд урласан үхэр, ямааны ширээр сүлжиж хийсэн, морины иж бүрэн  суран эдлэл олны нүдийг хужирлаж байлаа. Тэрээр дан гараараа уйгагүй сүлжиж хийжээ. Мөн давхар хээ оруулж, гоёл хийсэн нь гоёмсог харагдаж байв. Уйгагүй хөдөлмөрч Ц.Равдан гуай энэхүү урлалаа 15 сая төгрөгөөр үнэлж байв.

Булганы залуусын бэлэг дурсгалын бүтээл шилдэг байв

Булган аймгийн нөхөрлөлүүдийн төлөөлөл болсон залуусын модоор сийлж хийсэн монгол үндэсний тавилгатай гэр, тэргэн дээрх гэр, шатар, аймгийнхаа сумдын газрын зургаар хийсэн Булган аймгийн газрын зураг, ширээний мөнхийн календарь зэрэг нь уран хийцтэй, оюун ухаан сорьсон, мөн бэлэг дурсгалын шилдэг бүтээл болж чадсанаараа бусдын сонирхолыг татаж байв.

Булганд хожуул дээр мод ургуулж байна

"Эко Хан Буян" нөхөрлөлийн тэргүүн Э.Энх-Эрдэнэ дүү нартайгаа хамтраад нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, зөгий, ойгоо нөхөн сэргээх, үржүүлэх гээд олон чиглэлээр аж ахуй эрхэлдэг байна. Эднийх хоёр жилийн өмнөөс хожуул дээр мод тарьжээ. Хожуул нь доороо ус хуримтлуулан усан сан үүсгэсэн байдаг тул жирийн хөрсөнд суулгасан модноос илүү ургах чадвартай хэмээн тэрээр хэлсэн юм.  

 Ойн нөхөн сэргээлтээ жимсний модоор хийдэг

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Цагааннуур баялаг ирээдүй” нөхөрлөл нь жимс жимсгэнэ, зөгийн үржүүлэг, мужаан цехийн үйл ажиллагаа эрхэлдэг байна. НҮБ-ын ойн төсөлтэй хамтран ажиллаж гишүүдээ чадавхижуулах сургалтанд хамруулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ сурталчах үзэсгэлэнд тогтмол оролцдог байна. Тус нөхөрлөлийн онцлог нь ойн нөхөн сэргээлтээ жимсний модоор хийдэг аж.  Төсийн үр дүнд эдний гишүүдээс хөрөөчин,  хөрөө засварчин, компьютер, эмийн ургамал, гэрэлтүүлэг, мужаан сийлбэр зэрэг төрлүүдээр ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр мэдлэг олсон байна. Мөн эл нөхөрлөлийнхөн сумынхаа  тохижилт, цэвэрлэгээнд идэвхитэй оролцдог гэнэ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Цагааннуур баялаг ирээдүй” нөхөрлөлийн гишүүн Л.Тунгалаг зөгийн аж ахуйг олон жил эрхэлж байгаа гэнэ. Тэрээр зөгийнөөс хаягдал гардаггүй хэмээн ярьсан юм. Зөгий нь байгалийн зэрлэг болоод таримал цэцэгсээр хооллодог бөгөөд хоолоо олж идэхийн тулд 20-30 км замыг туулдаг байна. Байгалийн цэцэгсийн бал нь өдөр тутамд, харин таримал цэцэгсийнх ходоодны шарханд нэн тустай гэнэ. Харин зөгийн жилий нь хавдрын тархалтыг зогсоодог байна. Үүний шидийг өөрийн бие дээрээ мэдэрсэн учир би зөгийнд хайртай хэмээн тэрээр хэлсэн. Мөн хатаасан зөөгий нь булчирхайн төрлийн өвчинд тустай гэнэ.

 Дарханы нөхөрлөл хусны нүүрс хийжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Гавилу унаган төрх” нөхөрлөлийн гишүүд хусны нүүрс хийжээ. Эднийх 2236 га ойн сантай бөгөөд үүний 70-80 хувь нь хусан ой аж. Хусан ойг ойн анхдагч гэдэг ба маш хурдан ургаад, ялзмаг болж унадаг бөгөөд дараа нь бусад модыг ургахад нөлөөлдөг байна. Төслөөс нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж хусны нүүрс хийдэг төхөөрөмж өгсөн аж. Иймээс энэхүү хусаа ашиглан сумын гурван нөхөрлөл нийлээд хусны нүүрс хийжээ. Эхлээд борлуулалт муу байсан гэнэ. Харин одоо хүмүүс үр өгөөжийг нь мэддэг болсоноор захиалга нэлээд ирдэг болжээ.

Цайны ургамал түүх үеэр нутгийн иргэд ажлын байртай болдог

Хөвсгөл аймгийн Түнэл сумын "Талын толгой" нөхөрлөл Их тайга цайны гол орц болох Хөвөн оройт хонгорзул цэцгийг ойгоос түүж, үйлдвэрт нийлүүлж байна. Эл цайны ургамал маш элбэг нөхөн ургах чадвар сайтай гэнэ. Цайны ургамал түүх үеэр нутгийн иргэд ажлын байраар хөөрхөн хангагдаад авдаг аж. Тус нөхөрлөлийнхөн “Их тайга цайны үйлдвэртэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд нөөцийн судалгаа хийж, сэлгэн тариалах туршилт хийсэн нь амжилттай болжээ. Энэ ургамалын нэг онцлог нь шатсан ойд их ургадаг гэв.

 Гар аргын шахмал түлш элч сайтай гэнэ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р багийн иргэн Ш.Нямдэмбэрэл модны үртсээр шахмал түлш хийх төхөөрөмжийг өөрийн гараар урлан хашаандаа байрлуулсан байна. Тэрээр үртэсээ хатаан шахаж шахмал түлш үйлдвэрлэдэг аж. Жилд дунджаа 14-15 тн түлш хийдэг гэнэ. Нэг ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй. Аймгийн төв оруулж борлуулдаг гэсэн. Энэхүү түлш нь 5-6 цагийн турш дулаанаа хадгалдаг гээд давуу чанар ихтэй гэв.    

 

Холбоотой мэдээ