АНУ ногоон картны дүрэм журмыг чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-13 12:08:38

ВАШИНГТОН. /TASS/. Эрх баригчдын зүгээс “төрөөс тэтгэмж авч амьдрах магадлал өндөртэй хүмүүс” гэж тодорхойлж буй гадаадын иргэдэд ногоон карт олгох журмыг чангатгах тухай захирамжийг АНУ-ын засгийн газар даваа гарагт гаргажээ. Энэ тухай АНУ-ын Дотоод хэргийн яамны дэргэдэх Иргэншил болон цагаачлалын асуудал эрхэлсэн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Кен Кучинелли хэлжээ.


“Энэхүү дүрэм журам нь төрөөс тэтгэмж авч амьдрах магадлал өндөртэй хүмүүс АНУ-д хүрэлцэн ирж, Ногоон карт авахаас сэргийлж байгаа юм. Тийнхүү АНУ-д цагаачид өөрсдийгөө тэтгэж, амжилтад хүрэх нөхцөлөө хангаж, биеэ дааж, хувийн үүрэг хариуцлагаа үүрэх ёстой гэх үзэл санаагаа Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа бэхжүүлж байна. Энэ тухай шийдвэр хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно” хэмээн тэрбээр ярьжээ.


Төрөөс тэтгэмж авдаг этгээд гэдэгт 3 жилийн хугацаанд 12 сараас дээш хугацаанд төрөөс нэг юмуу түүнээс дээш тэтгэмж авч буй иргэнийг хэлж байгааг баримт бичигт тодорхой заасныг Кучинелли онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ