Улсын залуу начин Б.Орхонбаярын цолны мялаалга наадам болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-08-13 12:54:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол төрийн их баяр наадамд уран мэх, хүч чадлыг гарган барилдаж, тунан улсын начин цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул улсын залуу начин Б.Орхонбаярын цолны мялаалгын наадам энэ сарын 11-нд  боллоо.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас улсын арслан "Боохой" хэмээх Д.Данзан арслан цол хүртсэнээс хойш 86 жилийн дараа тус сумаас төрсөн улсын цолтон гэдгээрээ Б.Орхонбаяр бөхийн нэгэн түүхийг шинээр эхэлж байна.

Шинэхэн начны цолны мялаалга наадмын үеэр урлаг, спортын олон үйл ажиллагаа болсноос гадна үндэсний бөхийн барилдаанд улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Ж.Баянмөнх, улсын шинэ начин Н.Баярбаатар тэргүүтэй хүчтэнүүд зодоглож, Б.Орхонбаярын бөхийн багш улсын харцага Т.Өсөх-Ирээдүй хүндэт зочноор оролцсон байна.

Шинэ начиндаа Улаанбаатар хотод хоёр өрөө шинэ байрны батламж гардуулсан бол "Таван хан" бөхийн дэвжээний бөхчүүд, Сэлэнгэ аймгийн сумдын төлөөлөгчид, "Аварга" дээд сургуулийн төлөөлөл бэлэг дурсгал, медалиа гардуулав.

Мөн энэ үеэр бөхөө дээдэлдэг олон хүмүүс залуу начиндаа хурдан удмын даага бэлэглэв. Б.Орхонбаяр начин сумын цэнгэлдэхийн талбайг мориор нар зөв тойрон наадамчин олонтой мэндчилсэн.

Холбоотой мэдээ