Хонконгт зорчихгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 17:16:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн тэмцэлтэй холбогдуулан Хонгконгт аялахдаа сонор сэрэмжтэй байх, дамжин өнгөрөх бол нислэгээ өөр газраар зохицуулахыг Хонгконг дахь Консулын газраас зөвлөж байна. 


Хонгконгт өрнөж буй тэмцэл улам идэвхжихийн сацуу олон улсын нисэх буудалд нь энэ сарын 9-нөөс тайван суулт эхэлсэн байна. Сүүлийн үед жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, бүлэглэл хооронд тогтмол мөргөлдөөн гарах болжээ. Цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-нд болсон жагсаалыг хуванцар сум хэрэглэж хүчээр тараасны улмаас Хонконгийн олон улсын нисэх буудалд олон мянган хүн цугласан байна. Үүнээс болж нисэх буудалд бүртгэлийн ажиллагаа саатсан бөгөөд 16.00 цагаас хойш гарах бүх нислэгийг цуцалжээ. 


Хонконгийн иргэд гуравдугаар сараас хойш Хятад руу ялтан шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэн жагссан бөгөөд улмаар засгийн газраас тус хуулийг өнгөрсөн сард бүрэн цуцалсан юм. Гэвч жагсагчид хуулийг албан ёсоор цуцлах, баривчилсан жагсагчдыг суллах, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардан тэмцлээ үргэлжлүүлж байна. 


Иймд Хонконгт зорчиж буй иргэдийг сонор сэрэмжтэй байх, шөнө оройн цагаар болон амралтын өдрүүдээр олон хүн цугласан газар очихгүй байхыг анхааруулав. Мөн шаардлагатай тохиолдолд, Хонгконг дахь Ерөнхий консулын газрын дараах хаягаар холбоо барихыг тус консулын газраас зөвлөлөө. 


Хаяг: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty 

Цахим хуудас: www.hongkong.consul.mn 

Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn 

Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/ 

Утас: 852 25222400 

Факс: 852 25222405

Холбоотой мэдээ