БНЭУ-ын тусгаар тогтнолын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-15 12:04:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам туг өргөх ёслол зохион байгуулав.


Ёслолд Монгол Улсад амьдарч байгаа Энэтхэгийн иргэд, Энэтхэг улсад сурч, ажиллаж байсан Монголчууд, Гандантэгчэнлин хийдийн лам нар оролцов.



Энэтхэгийн төрийн далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглэсний дараа БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Монхиндэр Пратап Синх ёслолыг нээж хэлэхдээ, "Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн Монголд амьдарч байгаа энэтхэгүүд, монгол анд найзууд та бүхэнд талархаж байна. Энэтхэг улс нь ирээдүйн сайн сайханд тэмүүлж, залуусынхаа оролцоонд тулгуурлаж шинжлэх ухааны дэвшилттэй хөл нийлүүлэн хөгжихөөс гадна, бусад улс, үндэстэнтэй эрх тэгш, эв найрамдалтай оршин тогтнохыг эрмэлздэг" хэмээн онцолж, Энэтхэгийн ард түмэндээ Тусгаар тогтнолын 72 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Дашрамд дурдахад, энэ жил Энэтхэгийн тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой тохиох юм. НҮБ-аас 2007 онд түүний төрсөн өдөр болох 10 дугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

Холбоотой мэдээ