Жагсагчид Хонконгийн нисэх буудлаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-15 14:27:39

ХОНКОНГ. /RIA Novosti/. Хонконгийн олон улсын нисэх буудлын зорчигчдын ирэх танхимд эсэргүүцлийн суултаа үргэлжлүүлж байсан жагсагчид бүгд танхимыг орхисон бөгөөд тэдний хийсэн бэхлэлтүүдийг зайлуулж, зурагт хуудсуудыг цэвэрлэжээ.


Нисэх буудлын зорчигчдын ирэх танхимын хамгийн алслагдсан хэсэгт тусгайлан гаргаж өгсөн хоёр бүсээс бусад газарт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Хонконгийн нисэх онгоцны буудлын захиргаа лхагва гарагийн өглөө авсан байна. Гэвч олон арван жагсагч лхагва гарагийн шөнө дөл болтол буудалд үлджээ. Тэд тээшний тэргээр бэхлэлт хийцгээж, зурагт болон ухуулах хуудсууд наацгааж байсан байна.  


Пүрэв гарагийн өглөө нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн боловч буудал руу нэвтрэх тусгай журмыг мөрдсөн хэвээр байгаа аж.


Жагсагчдын эсэргүүцлийн ажиллагааны улмаас Хонконгийн нисэх онгоцны буудлын захиргаа даваа, мягмар гарагт хэдэн зуун нислэгээ цуцлахаас аргагүйд хүрсэн юм. Мягмар гарагийн шөнө жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Цагдаа нар нисэх буудлын ойролцоох жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Лхагва гарагт байдал тодорхой хэмжээгээр тогтворжиж, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа аажмаар сэргэж эхэлжээ.


Холбоотой мэдээ