"Байгууллагын цэцэрлэг" санаачилгыг ААН-үүд дэмжиж байна

Монголын мэдээ | Боловсрол
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-15 16:46:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” уулзалтыг өнөөдөр БСШУСЯ-д зохион байгууллаа.

Уулзалтад 15 үндэсний томоохон аж ахуй нэгж оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачлагад нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Улсын хэмжээнд шинэ хичээлийн жилд 20 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх урьдчилсан тооцоо гарсан. Засгийн газар 2019 онд 13455 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар болж, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмж байгаа ч хүрэлцээ хангалтгүй хэвээр байгаа юм.

Хувийн хэвшлийн байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй байх нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад, боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар “Ариг гал” ХХК, ДЦС-3, Хууль сахиулахын их сургуулийн дэргэд найман бүлэг, ТЕГ, ГХЯ-ны дэргэд тус бүр хоёр бүлэг цэцэрлэг төрийн өмчийн салбар бүлэг байдлаар, МУБИС-ийн СӨБС-ийн дэргэд 10 бүлэг, Гэрлэх ёслолын газар, ХУД-ийн ЗДТГ, ХНХЯ-ны дэргэд тэдний ажилтнуудын нийт 1300 гаруй хүүхдэд зориулсан цэцэрлэг ажиллаж байна.

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: “Байгууллагын цэцэрлэг санаачилга төрийн өмчийн салбар бүлэг эсвэл байгууллагын бие даасан цэцэрлэг байдлаар хэрэгжиж байна. Тухайн байгууллага цэцэрлэгийн орчноо бүрдүүлсэн байхад л хангалттай. Засгийн газар хүүхдийн өдөр тутмын хоолны зардал, багшийн цалин зэрэг хувьсах зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн удирдлагаар хангах юм. Улаанбаатар хотын цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох жилийн хувьсах зардал 807 мянган төгрөг байдаг” гэлээ.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Ганбаатар: “Өнөөдрийн уулзалтад нийгмийн хариуцлагаар тэргүүлдэг 15 аж ахуйн нэгж оролцож байна. Эдгээр байгууллага хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн шаардлага хангасан өрөө тасалгаа бэлдэж, ажилтнуудынхаа хүүхдүүдийг цэцэрлэгээр хангавал бусад асуудалд төрөөс дэмжлэг үзүүлэх юм. Өглөө ажилдаа ирэхдээ хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд орой тарахдаа аваад явбал ажилчдын ажлын бүтээмж сайжирна. Аж ахуй нэгжүүд энэ санаачилгыг их дэмжиж байна” хэмээв.

Таван Богд группийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Т.Энхбилэг: “Манай байгууллага 12 мянган ажилтантай. Тэдгээрийн гэр бүлийн гишүүний тоог гаргахын тулд энэ тоог 3, 4-өөр үржинэ. Бидний хувьд цэцэрлэгийн хэрэгцээ өндөр байгаа. Цэцэрлэгээ төрийн өмчийн салбар бүлэг байлгах уу эсвэл бие даасан цэцэрлэг байдлаар ажиллуулах уу гэдгийг удирдлагын түвшинд хэлэлцэж шийдвэрлэнэ” гэв.

Холбоотой мэдээ