Барилгын салбарын чадавх ирэх 10 жилд дөрөв дахин нэмэгдэнэ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-19 12:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлснээр, салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өсөх тооцоо гарчээ.  

Барилгын салбарыг 2029 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны бодлогын хүрээнд 8 зорилт, 25 үйл ажиллагааг "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе", "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе", "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Түүнчлэн уг салбарт мөрдөж буй 400 гаруй барилгын норм, 600 гаруй стандартыг ирэх 10 жилд эрчимтэй шинэчлэх аж. Ингэснээр барилын салбарын өнөөгийн чадавх дөрөв дахин нэмэгдэнэ гэж тооцож байна.

Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор баталсан уг баримт бичигт салбарын шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага байгуулах, барилгын салбарт зөвлөх үйлчилгээний тогтолцоо, төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем, олон улсын барилгын гэрээ зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилтыг тусгажээ.

Барилгын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны баримт бичигтэй болсноор төрийн бодлогын залгамж чанар сайжирч, судалгаанд суурилсан техникийн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдэж байгааг салбарын яам онцолж байна.

Холбоотой мэдээ