Монголын цаатнуудын ер бусын амьдрал ахуйг батлан харуулах 22 гэрэл зураг

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
khulan@montsame.gov.mn
2019-08-19 14:26:47

ВАШИНГТОН. /Forbes/. Тайгын амьдрал амаргүй. Чоно хэмээх зэрлэг араатан байнга аюул нүүрлүүлнэ, урьдчилан таамаглахын аргагүй цаг агаартай нүүр тулна, хэтэрхий алслагдмал нутагт орших тул гар утасны сүлжээндээ баяртай гэж хэлэх хэрэгтэй болно.


Гэсэн хэдий ч энд маш өвөрмөц амьдрал өрнөдөг. Цаа буга маллан амьдардаг оршин суугчдын ийм жижиг отог дэлхийд хуруу дарам цөөхөн үлдсэн байх. Энд дөнгөж 44 өрх цаатны хэв маягаа хадгалан амьдарч байна. Тэдний амьдрал ганцхан зүйлээс бүрэн хамаарах бөгөөд энэ бол цаа бугын сүрэг юм. Мөн тэд сүүгээр нь цай сүлэхээс эхлэн уналгад ашиглах зэргээр цаа бугаар бүхий л ажлаа амжуулна. Харин цаа бугын махыг хүнсэндээ хэрэглэдэггүй ба уг амьтныг байгалийн жамаараа үхсэн тохиолдолд л махыг нь иддэг байна. 


Би хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ хийгээд тэдгээр айлуудаар зочилж, тэдний гайхалтай хийгээд тэс өөр амьдралын хэв маягаас чадах чинээгээрээ суралцахыг хүссэн юм. Намайг гэртээ байхыг зөвшөөрсөн Ганбат, Отгонцэцэг нарын хооллох бүртээ иддэг талхыг хэрхэн барихаас өгсүүлээд цаа бугыг шөнийн цагаар яаж аргамжихыг өвөөгөөс суралцлаа. Цааг аргамжсанаар хоточ нохой тэднийг чононуудаас хамгаалж чаддаг аж. Би цаатнуудын хийдэг бүх зүйлийг хийж үзэхийг хүсэж байлаа.


Зун бүр цөөн хүний бүрэлдэхүүнтэй аяллыг ахалдаг Эрик Куперын зааварласны дагуу Зөвлөлтийн “Фургон” машинаар хоёр хоног, мориор хоёр хоног аялахад Монголын цаатнуудтай нэг өдрийг өнгөрүүлэхийн төлөө хийсэн уг аяллын хором мөч бүр надад гайхалтай санагдаж байсан юм.


Цаатнуудтай өнгөрүүлсэн нэг өдөр


Отгонцэцэг өглөө бүр 5:30 минутад босон дулаан урцнаасаа гарч, цаа бугын сүргээ саахаар явдаг. Өдрийн энэ цагт хамгийн хүйтэн байдаг хэдий ч тэрбээр хувин дүүрэн сүү саахын тулд олон цаг суухдаа бэлдэн өвлийн дээлээ өмсжээ. Отгонцэцэг өнөөдрийн сүүгээ хэрэглэхгүйгээр гашилгаж бяслаг хийх гэнэ.



Монголын хойд нутгийн Хөвсгөл аймагт нар мандах үеэр бэлчиж буй цаа бугууд




Отгонцэцэг цаа бугыг саахдаа хөдөлгөхгүйн тулд эхлээд урд хоёр хөлийг аргамжив


Хэдийгээр өглөө эрт байгаа боловч адуучин залуус өөрсдийн хийх ёстой ажлуудыг гүйцэтгэхээр эртлэн босож, бидний унаж ирсэн морьдыг тайгад идээшлүүллээ. Тэд өглөөний хүйтэнд эрт боссоны зэрэгцээ кофе уугаагүй ч гэсэн нүүр дүүрэн инээмсэглэж харагдана. Өөрийгөө тэдэнтэй адилхан байсан ч болоосой гэх бодол надад төрлөө.



Өглөө эрт байсан хэдий ч бүгд инээмсэглэн морьдыг талд идээшлүүлэв



Өнөөдөр цаа бугын сүүг гашилган бяслаг хийх бөгөөд ингэснээр хөрш айлд байгаатай адил Пармезантай төстэй бяслаг бэлэн болно


Өглөөний 10 цагт Отгонцэцэгийн эмээ ирсэн нь онцгой үйл явдал боллоо. 80 гаруй настай тэр эмэгтэйн хараа муудсан хэдий ч морио унасан хэвээр байгаа нь цаатан гэдгийг нь нотлон харуулна. Тэрбээр бидэнд сонирхолтой түүх ярьж, уламжлалт дуунуудыг дуулж өгсөн юм.



Эмээ ирсэн нь маш онцгой үйл явдал болов


Эмээг дуулахад бид өөрийн эрхгүй уйлсан бөгөөд түүний залуу үеийнхэнд өгсөн зөвлөгөөг би хэзээ ч мартахгүй. Яагаад гэвэл тэрбээр, “Хэрэв хэн нэгэнд морь хэрэгтэй бол түүнд өг. Тэр сайн хүн бол буцааж өгөх болно. Өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Энэ нь цаатан хүмүүс байгаа бүхнээ хэчнээн хэмжээтэй эсэхээс үл хамааран бусадтай хуваалцаж, өгөөмөр ханддагийг ойлгуулсан юм.



Цаатан айлд орох бүрт цаа бугын сүүгээр сүлсэн цай аягалан өгөх нь тэдний зочломтгой занг илэрхийлнэ. Түүнчлэн цайнаас гадна бидэнд асуулт асуух боломж олдож, түүнд бяцхан бэлэг өглөө. Мөн тэрбээр овгийн гишүүний хувиар хэрхэн өссөн талаарх түүхээ бидэнтэй хуваалцав


Өдрийн хоолны үнэр сэнгэнэж бидний эмээтэй хамт өнгөрүүлсэн хугацаанд Отгонцэцэгийн юу хийж амжуулсныг үзэх цаг болсныг илтгэлээ. Өнөөдрийн үдийн хоолонд уулын бэлээс түүсэн шинэхэн хүнхээлтэй панкейк хийжээ. Цаатнуудын амьдардаг газарт ямар нэгэн ургамал тарих бараг боломжгүй тул тэд энэ хавьд ургадаг ургамал, цэцэгсийг хүнсний болон эмийн зориулалтаар ашигладаг ажээ.



Дөнгөж түүсэн хүнхээл



Отгонцэцэг хүнхээлийг хэрчин амттай панкейк бэлтгэв


Үүнээс гадна Отгонцэцэг гэрийн аргаар хийсэн гоймон, хонины махтай шөл хийлээ. Энэ хоолны хамгийн сайхан амтыг оруулсан орц бол урцны гадаа өлгөж хатаасан хонины мах аж. Бид хооллох бүртээ ийм шөл идсэн боловч бидний сонирхол огт буураагүй юм.



Биднийг ирэхээс өмнө хонийг төхөөрч, махыг өлгөн хатаасан байв


Үд болоход Ганбат, өвөө хоёрыг даган явж мод түүхээр боллоо. Бид нэг нэг цаа буга унаж, хөндийг туулан ойролцоох уулын энгэрт гарч ой руу орлоо. Тэд уналгадаа цаа бугыг яагаад түлхүү ашигладаг шалтгааныг бид төвөггүй ойлгосон бөгөөд тэдгээрийг морьтой харьцуулахад намаг болон тэгш бус газруудыг илүү сайн туулдаг ажээ.


Бид ойн захад хүрэхэд цаг орчим хугацаа зарцуулсны эцэст мод түүж, ганзага дүүрэн эргэж ирлээ. Цаа буга нь өгсөж уруудах, ачаа ачихад хамгийн тохиромжтой унаа ажээ. Мөн бид модыг ачих, ачаануудыг хооронд нь бэхлэх зэрэг ажилд тусаллаа.



Эмээллэж замд гарахад бэлэн болсон цаа буга



Ганбат болон түүний хүү, хадам аавыг даган хөндийг туулж, мод бэлтгэн авчрахаар явав


Гэртээ буцаж ирснээр өнөөдрийн хийх ёстой ажлуудын ихэнх дуусаж амарсан боловч амралтын хугацаа ганцхан цаг үргэлжлэв. Өвөө мод бэлтгэх ажилд яваагүй сүргийн хэсэг хэрхэн бэлчиж буйг ажиглалаа.


Өглөөний саалиас хойш сүргийг хөндийгөөр бэлчээжээ. Харин орой болоход цаа бугуудыг туун авчирч, айл өрхүүд өөр өөрсдийнхийгөө ялган авж, шөнийн цагаар дахин аргамжлаа. Энэ бол отгийн хувьд өдөр тутмын тогтсон ажил ажээ.



Отгонцэцэгийн аав бэлчиж буй сүргээ ажиглав



Амандаа байнга шахуу тамхи зуусан харагдах Отгонцэцэгийн аав энэ хавьд болж буй бүх үйл явдлыг мэддэг аж


Үдшийн бүрий болох үед цаа бугуудыг ялгаж, чононуудаас хамгаалах зорилгоор гэрийнхээ ойролцоо аргамжив



Гэр бүлийн бүх гишүүд сүргийг ялгахад оролцов


Өнөөдрийн оройн зоог бууз байлаа. Отгонцэцэг буузыг урцандаа өөрийн гараар бэлдэж, хажуугийн урцанд жигнэлээ. 




Уламжлалт аргаар бэлтгэсэн хоёр таваг буузыг гэрийн зуухан дээр жигнэж, бүрэн гүйцэт болох хүртэл анхааралтай харж байв



Дөнгөж сая хийсэн махтай бууз


Оройн хоолны дараа хийх ёстой нэг зүйл үлдсэн нь бидэнтэй хамт ирсэн мал эмнэлгийн бүтээгдэхүүнүүдийг цаа бугуудын шархан дээр түрхэх байлаа.



Цаатан отгийн гишүүн цаа бугынхаа шархан дээр тос түрхэв



Эрик Купер цаа бугын бие дээр тос түрхэв


Ингээд өглөөний 5:30-д эхэлсэн өдөр дууссан боловч миний бие яагаад ч юм огт ядраагүй байлаа. Өдрийн хийсэн ажлуудын үеэр авсан эрч хүч бүхэл биеэр маань мэдрэгдэж байсан хэдий ч бидний хамт байгаа цаатнуудад ингэж санагдахгүй байгааг би мэдэж байсан юм. Тэдний хувьд ердийн нэг өдөр байсан бөгөөд маргааш цаашлаад биднийг явсны дараа ч гэсэн өдөр хоногууд яг ийм хэвээр үргэлжлэх болно. Энд амьдрах амаргүй гэдгийг тэд мэддэг. Гэсэн хэдий ч дэлхийн өөр хаана ч байхгүй тэдний амьдралыг “ид шидийн” гэдэг үгээр тодорхойлохоос өөр аргагүй.  

Холбоотой мэдээ