“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-20 14:48:58

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-Японы худалдааны маргааны улмаас аялагчдын тоо буурч буйтай холбогдуулан Япон руу үйлдэх нислэгийн тоогоо ирэх саруудад дахин бууруулна гэж БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани мэдэгджээ.


Япон БНСУ-ын чухал ач холбогдол бүхий материалуудад экспортын хязгаарлалт тавьснаас хойш Японы чиглэлүүдэд зорчих иргэдийн тоо өнгөрсөн сараас огцом буурсан байна. Дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын иргэдэд олгохыг Сөүлийн шүүх Японы фирмүүдээс шаардсаны хариуд Токиогийн засаг захиргаа энэ сарын эхээр Сөүлийг экспортын найдвартай түншүүдийн жагсаалтаас албан ёсоор хасах шийдвэрийг гаргасан юм.


"Японыг зорих аялагчдын тоо буурсантай холбоотойгоор есдүгээр сарын 3-наас эхлэн Бусан-Саппорогийн чиглэлийн нислэгийг түр хугацаагаар зогсоож, Японы зарим чиглэлд жижиг оврын нисэх онгоцоор нислэг үйлдэнэ" гэж “Korean Air” өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Харин тус компанийн сүүлийн шийдвэрийн дагуу есдүгээр сарын 16-наас Бусан-Осака, 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Жежү-Нарита, Жежү-Осака чиглэлийн нислэгийг түр зогсоохоор болжээ. 

Холбоотой мэдээ